Японы Токушима хотноо энэ сарын 16-18-нд зохион байгуулсан тийболын 16 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын баг, тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн SK клубийнхэн алт, Сүхбаатар дүүргийн “Demons” клубийнхэн мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин нийслэлийн “Peak” клубийн баг, тамирчид хүрэл медаль хүртжээ. Тийбол нь хөл бөмбөг болон ширээний теннисийн хослол мэт шинэлэг, орчин үеийн спорт бөгөөд тусгай зориулалтын нуман хэлбэртэй ширээн дээр тоглодгоороо онцлогтой юм. Хөл бөмбөгийн ур чадварыг сайжруулах зорилгоор анх тийболыг бий болгосон ч өдгөө бие даасан спортын төрөл болон хөгжжээ. Тийбол тоглохдоо хөл бөмбөгийнхтэй төстэй бөмбөг хэрэглэдэг байна. Ингэхдээ гараа ашиглахгүйгээр зөвхөн хөл, толгой, мөр, цээжээр бөмбөгийг удирдаж, харилцан дамжуулж тоглодог аж.
У.Сүрэн