Засгийн газраас 2024 оны сүүлчээр баталсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолд нийслэлд шар болон ногоон бүс байгуулахаар тусгасан. Үүний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосныг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ. Шар, ногоон бүсэд гэр хорооллын 147 мянган өрхийг хамруулахаар төлөвлөж байсан бол батлахдаа 170.8 мянга болгож нэмжээ. Давхар шаталтат зуух нэвтрүүлэн, дулаалгын төсөл хэрэгжүүлэх шар бүсэд 67.7, хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хатуу стандарт мөрдүүлэх ногоон бүсэд 103 мянга гаруй айлыг хамруулахаар шийдвэрлэсэн аж.
Агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон бүсэд зарим үйл ажиллагааг хатуу хориглох нь. Тодруулбал, стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэнээс бусад төрлийн түлш ашиглах, их хэмжээний угаарын хий ялгаруулдаг тээврийн хэрэгсэл унах, тэдгээрийг эзэмшигчдэд автобензин, дизелийн түлш худалдах, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой байршилд газрын доорх ус ашиглах, хог хаягдал дахин боловсруулах, шатаах, ШТС-ууд “Евро-5” ангиллынхаас бусад түлш борлуулах зэргийг хориглосон байна.
Н.Мишээл