Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас тус салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Үүнд уул уурхайн 49 аж ахуйн нэгжийн 54 төсөлд нийт 4.1 их наяд төгрөг шаардлагатай байгааг дурджээ. АМГТГын кадастрын бүртгэлийн системд өмнөх оны жилийн эцсээр 1216 аж ахуйн нэгжийн 1759 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байж. Үүнээс 956 нь хангалттай хөрөнгө оруулалтгүйн улмаас тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа явуулаагүй аж. Дээрх 54 төслийн 40 нь ашиглалтын үйл ажиллагаа явуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой бол 10 нь хайгуул хийх, нөөц тогтоох, хэмжээг нэмэгдүүлэх, дөрөв нь боловсруулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой гэсэн байна. Эдгээр төсөлд 500 сая төгрөгөөс 892 тэрбум хүртэлх дүнгээр санхүүжилт хүссэн бөгөөд 50 орчим хувь нь алт олборлолтын компани байгаа юм.
“Хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлснээр уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөж өсөж, дэд бүтцийн хөгжилд эергээр нөлөөлнө. Түүнчлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чиглэсэн бодлогоо тууштай хэрэгжүүлбэл Монгол Улс уул уурхайн салбарт түүхий эд нийлүүлэгчээс ангид түвшинд хүрэх боломжтой” хэмээн салбарын мэргэжилтнүүд онцоллоо.
Д.Хүслэн