Улаанбаатар хотод өчигдөр их хэмжээний бороо үргэлжлэн орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүйг цаг уурын байгууллагаас өмнөх өдөр нь сэрэмжлүүлсэн билээ. Тэгвэл өчигдрийн 14.00 цагийн байдлаар усархаг бороо 11 аймгийн 78 сумын нутаг, нийслэлийг хамран орсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүний улмаас Улаанбаатар хот орчимд Туул голын усны түвшин өмнөх өд¬рийнхөөс 10 см-ээр нэмэгдсэн бол Хэнтий, Дорнодын нутаг дахь Улз гол үерийн аюултай түвшинд хүрчээ. Өнөөдөр ч мөн говийн болон төв, зүүн аймгуудын нутгаар их хэмжээний бороо үргэлжлэн орох тул Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Хурх, Онон, Хэрлэн, Улз голын усны түвшин огцом нэмэгдэж болзошгүй гэнэ. Тиймээс эдгээр голын эрэг хөвөө, хөндийгөөр суурьшиж буй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав. Хотод өчигдрийн 15.00 цагийн байдлаар 20-28 мм хур тунадас оржээ. Энэ нь сэрэмжлүүлж байснаас долоон ммээр бага хэмжээ юм.
513 АЛБА ХААГЧ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орох бороо, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Батбямба өчигдөр ОБЕГ-ын Шуурхай штабт ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлыг иргэд, олон нийтэд тухай бүрд нь мэдээлэв. ОБЕГ-ынхан гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангуулан, үерийн хамгаалалтын байгууламжид хяналт, шалгалт хийж, улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байгаа аж. Түүнчлэн үер, усны ослын үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, төлөвлөх чиглэлээр нийслэл, орон нутгийнханд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.
Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Шуурхай штабт өчигдрийн байдлаар онцгой байдал, гамшгаас хамгаалах 513 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгааг ахлах зөвлөх Б.Батбямба хэлсэн. Тэрбээр “Цаг уурын байгууллагаас Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо олон хоногоор орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэйг сэрэмжлүүлсээр байгаа. Үүнтэй холбогдуулан төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын Шуурхай штабынхантай цахимаар хуралдаж, зөвлөмж өгсөн. Иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэхээс гадна барилга, байгууламж, орон сууцын хороолол, хотхонуудын В1 давхар, гараашинд ус орохоос сэргийлж, түр хамгаалалт, суваг, шуудуу татаж байна” гэлээ.
УС СОРУУЛАХ НАСОС, АВТОМАШИН, АВРАХ ЗАВЬ НӨӨЦЛӨХ ҮҮРЭГ ӨГӨВ
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нийслэлийн Шуурхай штабт мөн өчигдөр ажиллаж, үүрэг өгчээ. Тэрбээр иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үерийн аюултай бүсэд амьдардаг оршин суугчдыг шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх, зарим хэсэгт замын хөдөлгөөнийг хязгаарлах, гэр хороолол, айл өрхийн байшин, сууцыг борооноос хамгаалах, хотын гол зам, уулзвар, ус зайлуулах системийн хэвийн ажиллагааг шалгаж, цэвэрлэх, хурын өмнөх нөөлөг салхинд барилгын хашаа, кран нурахаас сэргийлэх, дулаан, цахилгаан, усан хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах, ус соруулах насос, автомашин, аврах завь нөөцлөхийг үүрэг болголоо.
О.Ундрах