УИХ-аас Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар хэд хэдэн шаардлага хангасан гадаадын иргэнийг Монгол Улсын харьяат болгож болох нь. Тодруулбал, Харьяатын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1.2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно” гэж заасан. Уг заалтад олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан харьяат болгож болох агуулгыг нэмэлтээр оруулсан байна. Ингэснээр дэлхийн түвшинд онцгой амжилт гаргах чадамжтай гадаадын тамирчдыг Монгол Улсын харьяат болгох эрх зүйн зохицуулалттай боллоо. Өөрөөр хэлбэл, олон улсын нэр хүндтэй тамирчдыг Монгол Улсын нэрийн өмнөөс олимп, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд оролцуулах, дотоодын тамирчид тэдний мэдлэг, ур чадвараас хуваалцах, туршлага солилцох боломж бүрдэв. Т
үүнчлэн Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд үүний хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спортын бай¬гууллагад гэрээгээр ажиллах гадаадын эмч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн багш, дасгалжуулагчийг ажиллуулж буй ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулсан байна.
Г.Орчлон