Нийслэлийн хэмжээнд нийт 32 байршилд 1130 га газрыг оршуулгын зориулалтаар ашиглаж байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзориг мэдээллээ. Үүнээс зөвшөөрөлтэй 10, зөвшөөрөлгүй долоо, хаагдсан оршуулгын газар зургаа байгаа аж. Улаанбаатар хотыг болон тойрсон оршуулгын газар энэ мэт олон буй учраас нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хянан шалгаж, үнэлгээ хийснийг тэрбээр хэлсэн.
Оршуулгын үйл ажиллагаа явуулдаг газруудад гурван чиглэл, 89 шалгуур үзүүлэлтээр хяналт шалгалт хийхэд 15 байгууллагын журам, стандартын хэрэгжилт 66.3 хувьтай буюу хангалтгүй үнэлэгджээ. Нийслэлийн хэмжээнд чандарлах үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг 87.4, далд оршуулгынх 42.9, тээвэрлэхийг нь 68.7 хувьтай мөрдөж байсан гэнэ. Түүнчлэн оршуулгын үйл ажиллагаа эрхлэг¬чид төрийн байгууллагуудтай үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй, нас барагчийг төлөөлөх этгээдтэй ямар нэгэн баримт бичиг үйлддэггүй, хүлээх эрх, үүргийн харилцаа тодорхойгүй, зарим компани шарилыг дамнуулан оршуулдаг буюу бусдын газарт тавьдаг зэрэг зөрчил илрүүлжээ. Мөн оршуулгын үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн сан байхгүй, үйлчилгээ эрхлэгчид нас барагчийн оршуулсан газар нутаг, байршил болон холбогдох мэдээллийг ар гэрийнхэнд нь өгдөггүй зэрэг нийтлэг зөрчлийг ил болгосон байна. Үүний дүнд оршуулгын үйл ажиллагаа эрхлэх чадамжгүй дөрвөн компанид мэдэгдэл, бусдад нь зөрчлийг шийдвэрлэх хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.
О.Оргилох