Азийн залуучуудын наадмыг өнөө жил Бахрейн улсын нийслэл Манама хотод зохион байгуулахаар болсон билээ. Аравдугаар сарын 22-31-нд гурав дахь удаагаа зохиогдох тус тэмцээнд 45 орны 4000 гаруй тамирчин спортын 24 төрлөөр 253 багц медалийн төлөө өрсөлдөх аж.
Азийн олимпын зөвлөлийн хурлаар өнөө жилийн залуучуудын наадамд тэмээний уралдааны шинэ төрөл нэмсэн нь олны анхаарлыг ихэд татаад байна. Одоогоор зөвхөн тус тэмцээнд өрсөлдөхөөр Монгол, Иран, Ирак, БНЭУ, Кувейт, Оман, Пакистан, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Йемен болон зохион байгуулагч Бахрейн оролцохоор бүртгүүлжээ.
Зохион байгуулагч орныхон анх удаа зохион явуулах тэмээний уралдаанд өндөр ач холбогдол өгч, оролцох тамирчдыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод аравдугаар сарын эхний хагаст буюу 14 хоногийн нэгдсэн бэлтгэлд хамруулахаар болсныг зарлалаа. Үүний дагуу Монголын багийн тэмээчид ч Абу Дабиг зорих юм. Ташрамд дурдахад, энэ удаагийн Азийн залуучуудын наадамд 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн тамирчид оролцох гэнэ.
О.Оргилох