Парисын олимпоос гурван медаль хүртээд буй, 26 настай Британийн дугуйчин Мэтью Ричардсон дотор талбайн дугуйн уралдаанд 200 метрийн зайг 8.94 секундэд туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна. Энэ үеэрх түүний дундаж хурд 80.5 км/ц хүрсэн гэнэ. Ийнхүү тэрбээр тус амжилтаараа өмнөх рекордыг эзэмшиж байсан Нидерландын дугуйчин Харри Лаврейсенийг 0.14 секундээр хошуучилсан аж. Үүний дараа тэрбээр “Өнөөдөр өөрийгөө хамгийн хурдан дугуйчин гэж нэрлэж чадах болсондоо үнэхээр баяртай байна. Би дугуйг жаахан чиглүүлсэн, бусад нь бараг өөрөө хөдөлчихсөн мэт л санагдсан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүний бичлэгийг “Kayo Sports” стриймингээс үзэж, сонирхсон хүмүүс энэхүү дээд амжилтын гэрч болсондоо баяртай буйгаа цахим сүлжээнд хуваалцсан байна.
Д.Хэрлэн