Өсвөрийн сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнийг орон даяар энэ сарын 17-20-нд зохион байгуулж, аймгууд шилдгүүдээ шалгаруулсаар байна. Монголын сагсан бөмбөгийн холбооныхон жил бүр үндэсний хэмжээнд IX-XII ангийнхны дунд аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өрнүүлдэг. Өнөө жилийн тэмцээнийг гурван үе шаттай явуулж, шилдэг багуудыг тодруулах аж. Тэмцээний салхийг Хэнтий, Сүхбаатар аймгийнхан хагалж, архангайчууд өчигдөр 3х3-ын эрэгтэй, эмэгтэй аварга багаа шалгаруулжээ. Хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэвшилд уриалах, бие бялдрын хөгжлийг нь дэмжих зорилготой, сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд аймаг бүрээс шалгарсан багууд энэ сарын 25-30-нд бүсийн хэмжээнд өрсөлдөнө. Харин шилдгийн шилдгүүд Улаанбаатарт болох УАШТ-д 30-31-нд хүч үзэх юм.