Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд Сим Анн манай улсад айлчилж байна. УИХ дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин өчигдөр түүнийг хүлээн авч уулзсан байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Сингапур нь Зүүн өмнөд Ази дахь манай чухал түнш бөгөөд уг бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон. Тус улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч буйгаа бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин онцолжээ. Талууд парламентын болон гадаад бодлогын түвшинд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна. Хоёр улс нь том гүрнүүдийн дунд байдгаараа ижил төстэй бөгөөд ардчилсан нийгэм, хүн төвтэй байх бодлогыг баримталдаг хэмээн Төрийн ахлах сайд Сим Анн онцолжээ. Тэрбээр манай улсад анх удаа айлчилж буй нь энэ юм.
С.Уул