Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаас нийлүүлж буй хаягдал усны стандартыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монголын мянганы сорилтын сан болон УСУГ, Усны газраас аж ахуйн нэгжүүдийг урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулахыг уриалахын зэрэгцээ хэрэгжилтийг нь хангах шаардлага тавьж байна. Шинэчилсэн стандартаар хоногт 15 шоо метрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэрүүд хатуу хольц, өөх тос хамах сараалж байршуулах, эсвэл физик-химийн цэвэрлэгээний тоног төхөөрөмж суурилуулах шаардлагатай гэнэ. Харин 15-240 шоо метр хаягдал ус нийлүүлдэг бол физик-химийн, 240 шоо метрээс их бохирдол ялгаруулдаг тохиолдолд биологийн цэвэрлэгээний тоног төхөөрөмж зайлшгүй суурилуулах ёстой аж. Төв цэвэрлэх байгууламжид хүлээн авдаг нийт бохирдлын 30-аас дээш хувийг үйлдвэрийн хаягдал ус эзэлдэг тул цаашид ачааллыг нь бууруулж, хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахын тулд уг стандартыг чанд мөрдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.
Ж.Сувд