Гэр бүлийн тухай хуулиар өнгөрсөн онд 6520 хэрэг хянан шийдвэрлэсний 4463 нь гэрлэлт цуцлах ажиллагаа байсныг салбарын яамнаас өчигдөр мэдээлэв. Тэдний 70 хувь нь хүүхэдтэй хосууд байсан аж. Ингэснээр өрх толгойлсон эцэг, эхийн тоо 67 мянгад хүрсэн байна. Тодруулбал, 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны шүүхээр нийт 73 727 хэрэг хянан шийдвэрлэсний 8.8 хувийг гэр бүлийнх эзэлжээ. Нийт гэр бүл салалтын 3468 нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт бүртгэгдсэн гэв.
Хосууд салах нь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр буй тул Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эхний ээлжид Баянгол, ХанУул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт сэтгэл зүйч ажиллуулж эхэлжээ. Уг ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй байгуулсан Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх тухай санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй гэнэ. Санамж бичигт дүүргүүдэд энэ оны наймдугаар сарын 20-ноос сэтгэл зүйч ажиллуулахыг заасан байна. Шүүхээс гэр бүл цуцлах хугацааг нь хойшлуулсан тохиолдолд хосуудад эвлэрүүлэн зуучлагчийн үйлчилгээнээс гадна сэтгэл зүйн туслалцаа давхар үзүүлэх нь салалтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж албаныхан үзжээ.
О.Оргилох