Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малыг ялган тэмдэглэж, бүртгэлд хамруулах ажлыг улсын хэмжээнд эхлүүллээ. Ингэснээр мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хянан шалгах боломж бүрдэхээс гадна хүнсний аюулгүй байдал, гарал үүслийг нь тодорхойлоход тустай аж. Иймд малчин, мал бүхий иргэн, фермер, үйлдвэрлэгчдийг холбогдох хуульд заасны дагуу үүргээ биелүүлж, мал сүргээ ялган тэмдэглэж, бүртгэлд хамруулахыг зөвлөлөө.
Малчны, Малын генетик нөөцийн, Мал, амьтны эрүүл мэндийн, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, Малын тоо толгойн албан татварын тухай хууль болон салбарын сайдын 2023 онд баталсан, Мал бүртгэлийн журмын дагуу иргэд мал сүргээ үл давтагдах тэмдэглэгээ, хувийн дугаараар нь бүртгүүлэх үүрэг хүлээжээ. Энэ нь малчид аливаа дэмжлэг урамшуулалд хамрагдах, зээл авах, малаа даатгуулах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх зэрэгт суурь үзүүлэлт болдог байна. Тиймээс малчид сүргийнхээ тоо толгойг нь ялган дугаарлаж, харьяа аймаг, сум, дүүргийнхээ хөдөө аж ахуйн газар, хэлтсийн нэгдсэн бүртгэлд тэмдэглүүлэх шаардлагатай. Малын им, тэмдэглэгээ хийх зардлыг малчид, хуулийн этгээд өөрсдөө хариуцна гэдгийг салбарын яамнаас сануулав.
М.Гэгээ