Хиймэл оюуны нисгэгчгүй төхөөрөмж буюу ухаалаг дрон нь олон салбарт аюулгүй ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх гол хэрэгсэл болоод буй гэнэ. Тодруулбал, агаарын зураглал хийхээс гадна лазерын туяа ашиглан орон зайн нарийвчилсан төсөөлөл гаргадаг LiDAR технологи, дулаан мэдрэгч, соронзон хэмжигч зэрэг дэвшилтэт төхөөрөмж ашиглан уурхайн гүнд, өндөр эрсдэлтэй бүсүүдийн тодорхой мэдээллийг цуглуулж буй нь компаниудын хүний нөөц, зардлын асуудлыг ч шийдэж байгаа аж. Түүнчлэн хүний шууд оролцоотой хийгдэх геологийн тандан судалгаа, уурхайн хяналтын ажлыг автоматжуулж, ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, олборлолт, тэсэлгээний үр ашгийг нэмэг-дүүлэх шинэ боломж болохоос гадна хөдөлмөрийг 30-40 хувь хөнгөвчилж буйг Британийн “TechRadar” технологийн мэдээ, мэдээллийн агентлагаас онцолжээ.
Анх батлан хамгаалахын салбарт ашиглагдаж байсан дрон өдгөө барилга, дэд бүтэц, уул уурхайд өргөнөөр хэрэглэгдэх болсон нь тус зах зээлийн үйлдвэрлэлийг энэ онд 44.3 тэрбум ам.долларт хүргэх магадлалтай гэнэ. Одоогоор АНУ, Канад, Өмнөд Африк, Австралид дроны тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт, аврах ажиллагаа, олон нийтийн хяналтад ашиглаж байна.
Д.Тамир