Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Амарбаясгалант хийдийг үзэж сонирхохоор явж байсан ХБНГУын иргэнийг энэ сарын 20-нд зодож дээрэмджээ. Хохирогч герман иргэн “Морьтой хүн ирээд зодож, дээрэмдсэн” гэсэн гомдол цагдаагийн байгууллагад гаргасан байна. Үүний дагуу орон нутгийн цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, сэжигтэй этгээдийг олж тогтоожээ. Тэрбээр хохирогчийн хэтэвчтэй мөнгө, хувцсыг нь дээрэмдсэн аж. Манайхыг зорьсон жуулчдад энэ мэтээр халдаж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амийг нь хохироосон тохиолдол өмнө нь гарч байсан учраас аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагынхан урьж ирүүлсэн гадаад улсын иргэдээ Монголд байх хугацаанд аюулгүй байдалд нь анхаарал тавьж, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй баймаар. Манай иргэдийн болчимгүй үйлдлээс үүдэн цаашид жуулчид манай орныг эрсдэлтэй гэж үзэж болзошгүй юм.
Г.Орчлон