Сайн дурын залуусын нэгдэл “Миний клуб” цахим бүлгэмийнхэн ирэх онд Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд (COP17)-д зориулж олон улсаас санхүүжилт босгох аян эхлүүлсэн талаараа мэдээлэв. Тус клубийг үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Сэрдарам “Цөлжилттэй тэмцэх конвенцын талууд оролцдог уг чуулганы нэг шалгуур нь хурал, үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс гаргахаас гадна олон улсаас санхүүжилт босгож шийдвэрлэхэд оршдог. Тиймээс бид COP17-г угтан олон улсын санхүүжилтийн аяныг өөрсдийн хэмжээнд албан ёсоор эхлүүллээ. Бидэнд ажлын туршлага, оролцох залуучууд байна. Мөн НҮБ-ын “Кубучи” төсөл туслахаар боллоо” гэж цахим хуудсандаа бичжээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурал нь хоёр жил тутамд болдог, цар хүрээ, нөлөөллөөрөө олон улсын түвшинд дээгүүрт бичигддэг арга хэмжээ юм. Энэ үүднээсээ хурал зохион байгуулах эрх авсан улс үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилтэд голлох үүрэг гүйцэтгэдэг ч хөгжингүй орнууд, олон улсын донорууд, түнш байгууллагууд, хувийн хэвшил, сайн дурынхнаас хөрөнгө зардлын болон техникийн тусламж авдаг аж. Тэгвэл сайн дурынхны төлөөлөл болсон “Миний клуб”-ийнхэн энэ жишгээр түрүүлж санаачилга гаргажээ. Тэд Солонгосын хойг Японы колоничлолоос чөлөөлөгдсөний 80 жилийн ойн хүрээнд өнгөрсөн долоо хоногт БНСУ-д зохион байгуулсан олон улсын форумын үеэр энэхүү санаачилгаа танилцуулж, албан ёсоор зарласан байна. Ташрамд дурдахад, тус клуб иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, цөлжилтийг бууруулах зорилгоор 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж, хоёр сая орчим мод тарьжээ.
Н.Мишээл