БНСУ-ын охидын алдарт “T-ara” хамтлагийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа “Re/verse” тоглолтоо ирэх сарын 12-нд монгол фэнүүддээ толилуулах гэж буй. Z үеийнхний шүтээн гэгддэг тус хамтлагийнхан “Roly poly”, “Day by day”, “Cry cry” зэрэг шилдэг уран бүтээлээрээ энэ өдөр шүтэн бишрэгчдэдээ бэлэг барих аж. Иймд дэлхийн хэмжээний поп одод болох “T-ara” хамтлагийнхны уран бүтээл, амьдралын замналын талаар зарим мэдээллийг хүргэе.
“T-ara” хамтлаг нь MBK энтертайнментын харьяанд 2009 оны долоодугаар сарын 29-нд байгуулагдсан бөгөөд анх “Super rookies” нэртэй байжээ. Харин “T-ara” гэдэг нь tiara буюу титэм хэмээх үгнээс гаралтай. Хамтлаг хамгийн анх зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр “Cinderella man” киноны “Good person” дуугаар карьераа эхлүүлсэн байдаг. Гэхдээ 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл тус хамтлагийн бүрэлдэхүүнд цөөнгүй удаа өөрчлөлт орж, өдгөө Хёмин, Кюри, Ин-жон, Жиён гэсэн дөрвөн гишүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж буй юм. “Roly poly” хэмээх уран бүтээл нь олны хүртээл болсон даруйдаа БНСУ-ын тухайн жилийн хамгийн их хандалт, борлуулалттай дуу болсноор тэд дэлхийн хэмжээний од болох гараагаа эхэлсэн байдаг. Мөн “T-ara”-гийн цомог болон уран бүтээлүүд БНСУ төдийгүй Монгол, БНХАУ, Япон зэрэг Азийн оронд ихээхэн амжилт олсон. Тус хамтлагийнхан зөвхөн дуулж, бүжиглэхээс гадна загварын болон кино урлагийн салбарт ч хүчтэй өрсөлдөгч байж, олон уран бүтээлийн туслах болон гол дүрийг амилуулсан байдаг. Тухайлбал, Ин-жон болон Жиён нар “Мөрөөдлөөс ч илүү” хэмээх олон ангит киноны хоёр бүлгийн гол дүрийг бүтээсэн билээ.
К-поп ертөнц бол маш өрсөлдөөнтэй, шинэ хамтлагууд шил шилээ даран гарсаар байдаг салбар. Ийм өрсөлдөөнтэй ертөнцөд бүхэл бүтэн 16 жил оршин тогтноно гэдэг яах аргагүй амаргүй даваа. Цагтаа БНСУ-ын үндэсний хэмжээний хамтлаг болтлоо хүчээ авч, шуугиулж явсан “T-ara”-гийнхан сүүлийн таван жил элдэв цуурхалд өртөж, улмаар сураг алдарсан юм. Тэгвэл тус хамтлагийн карьерт хамгийн том хар толбо үлдээсэн асуудал бол гишүүн асан Хваёныг бусад нь дээрэлхдэг, гадуурхдаг нь хамтлагаас гарахад нөлөөлсөн гэдэг цуурхал юм.
Тухайн үед зарим фэн нь “Энэ бол худлаа цуурхал. Хваён зүгээр л жүжиглэдэг байсан” гэх бол нөгөө талд “Тэд бол хүний үнэргүй амьтад” гэхчлэн хоёр хэсэгт хуваагдах болжээ. Энэ мэт шалтгаанаас үүдэн “T-ara” хамтлагийнхан Хваёныг гадуурхдаг, дээрэлхдэг гэх цуу яриа улам газар авсаар байлаа. Гэтэл энэ үед тэрбээр хамтлагаасаа гарсан нь нөхцөл байдлыг улам дордуулсан юм. Улмаар “T-ara” хамтлагийг эсэргүүцэгчид анти фэн клуб байгуулан, тэднийг доромжилсон, үзэн ядсан сэтгэгдэл үлдээж, элдвээр харааж зүхэх болсон юм. БНСУ даяар бараг 200 мянга гаруй хүн тус хамтлагийг та¬рахыг шаардан жагсаж, гарын үсэг цуглуулж, ивээн тэтгэгчид нь ч гэрээгээ цуцалж, нүүр буруулж эхэлсэн адармаатай түүх тэднийх.
“T-ara” олон жил ингэж үзэн ядагдан, шүүмжлүүлсэн ч, хамтлагаараа таралгүй үлдэж, үнэн мөнийг илрүүлж чадсан юм. Солонгосчуудын хандлага өдгөө өөрчлөгдөж, тэдний хэлмэгдсэнийг хүлээн зөвшөөрөх болов. Өөрөөр хэлбэл, “T-ara”-гийнхан хэнийг ч дээрэлхээгүй, энэ бүхэн гүтгэлэг болох нь 2021 онд тогтоогдсоноор тэд К-поп ертөнцөд дахин хүчээ авч, өөрсдийн байр суурийг илүү тодоор тамгалсан юм. Ингээд БНСУ-ын алдарт “T-ara” хамтлаг эргэн ирэхээ 2021 онд албан ёсоор зарласан нь дэлхий даяар, тэр тусмаа Ази тивд ихээхэн хүлээлт үүсгэв. Тэд “All kill” нэртэй шинэ уран бүтээлээрээ 2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд эргэн ирснээс хойш одоо болтол тасралтгүй шинэ уран бүтээлүүдээ үзэгч, сонсогчдодоо хүргэсээр байна.
Эргэн сануулахад, тус хамтлагийнхан Монголд 2012 онд тоглолтоо толилуулсныхаа дараа манай говьд “Number nine” дууныхаа клипний зураг авалтыг хийсэн байдаг. Ингээд тус хамтлагийн гишүүдийг танилцуулъя.
Тайзны нэр: Хёмин
Солонгос нэр: Пак Сон-ён
Өндөр: 167 см
Жин: 48 кг
Цусны бүлэг: 0
Нас: 36
Орд: Ихэр
MBTI: INFJ Шашин: Шашингүй үзэлтэн
Хэлний мэдлэг: Солонгос, англи, япон
Хобби: Байгалийн зураг авах, хоол хийх
Дуртай өнгө: Хар
Боловсрол: Сунгкюнкван их сургуулийг дүрслэх урлагийн чиглэлээр төгсжээ.
Тайзны нэр: Кюри
Солонгос нэр: И Жи-хён
Өндөр: 164 см
Жин: 43 кг
Цусны бүлэг: В
Нас: 34
MBTI: ESTP
Орд: Нум
Шашин: Христ
Хэлний мэдлэг: Солонгос, англи, хятад
Хобби: Худалдаа хийх, уран зураг үзэх
Дуртай өнгө: Зөөлөн ягаан, алтан шаргал
Боловсрол: Мёнжи их сургуулийг 2013 онд төгссөн байна.
Тайзны нэр: Ин-жон
Солонгос нэр: Хам Ин-жон
Өндөр: 167 см
Жин: 48 кг
Цусны бүлэг: 0
Нас: 36
Орд: Нум
Шашин: Христ
Хэлний мэдлэг: Солонгос, англи, хятад, япон
Хобби: Кино үзэх, ном унших
Дуртай өнгө: Цагаан
Боловсрол: Дунгук их сургуулийг 2011 онд төгссөн.
У.Цэцэгсүрэн