Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор энэ сарын 25-наас ажлын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш болон сондгойгоор ангилан, бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах саналыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн ЗДТГ-т уламжлаад буй. Гэвч дугаарын хязгаарлалт тогтоох, эсэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж хараахан гараагүй аж. Иймд тус төвөөс энэ сарын 24 хүртэл иргэдээс санал авч эхэлжээ. Тодруулбал, ажлын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилж, бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах, эсэхийг иргэдээс асууж байгаа аж. Санал асуулгад https:// vote.ulaanbaatar.mn/citizen/survey холбоосоор оролцох боломжтой. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал жил бүрийн өдийд ихсэж, “тэг зогсолт” хийх эрсдэл үүсдэг. Иймд ирэх сарын 1 хүртэл автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан, хөдөлгөөнд оролцуулах нь зүйтэй гэж албаныхан үзжээ. Ташрамд сануулахад, өнгөрсөн жилийн намар хичээл эхлэх үеэр болон Цагаан сарын өмнө дугаарын хязгаарлалт тогтоож байв.
О.Бат