Зүсэн зүйлийн аялгатай, зүйл бүрийн ястантай гэгдэх Завхан аймагт хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, түүний салбар Тарвагатай, Хуримт, Түдэвтэй, Гурван халтар, Гялгар, Булнайн нуруу, Улаанхаалга, Баянзүрх, Зарт, Хожуул, Улаан эрэг зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт хадны сүг зураг, буган, хүн чулуун хөшөө, дурсгалууд, XVIII зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд, сүмийн туурь, ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв оршдог. Түүнчлэн уулархаг нутаг, гүвээ толгод, гол хөндий зонхилсон хээр талтай. Тэрхүү уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын голын өргөн хөндий бий. Баруун хэсгээрээ Монгол элс, Бор хярын элсэн манхнууд 100-200 километр үргэлжилдэг уул, ус нь тэгширсэн газар билээ.
ОЧИРВААНИЙН ШҮНШИГТЭЙ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН
Монголчууд эл хайрхныг эртнээс тахисан ба байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтны биосфер, экосистемийн бүрдэлтэй, ховор ургамал элбэг, олонд ал¬даршсан рашаан сувилал их бий. Отгонтэнгэрийг үзэж, сонирхохдоо аймгийн төв Улиастай хотоос-Мөнгөт хясаа-Богдын голын хүрхрээ-Цагаан нуур-Даян уул гэсэн маршрутын дагуу явж болох гэнэ.
ҮР ХАЙРЛАХ ШИДТЭЙ ХЭМЭЭХ ДАЯН ХАЙРХАН
Даянгийн хоёр талд Хөх, Цагаан хэмээх хоёр нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамъянмядаг зэрэг эмийн бусад ховор ургамал ургадаг. Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу бий. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхан алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдахыг нутгийн иргэд “Даян хайрхнаас дэлхий харагдана” гэж ярьцгааж иржээ. Их тэнгэрийн цэцэг гэгдэх вансэмбэрүүг эндээс үзэх боломжтой байна.
МУХАРТЫН ГОЛ
Уг гол нь Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн түвшнээс дээш 450 метрийн өндөр элсэн манхнаас эх авч урсдаг. Хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэтэй, байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолборт газар юм. Мухартын голд очиход шавар намагт суухгүй, туулах чадвартай тээврийн хэрэгслээр явбал тохиромжтой. Өдгөө энэ голыг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Үүгээр тогтохгүй цэнгэг уст Цагаан нуур, эрдэнийн туяа туссан гэх Ногоон нуур, элсэн манхнаар хүрээлэгдсэн Улаагчны хар нуур ч энэ аймагт бий.
Д.Сэлэнгэ