Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалах зорилгоор юүтүб платформ хэрэглэгчдийн насыг хиймэл оюунаар тодорхойлох шинэ системийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ. Тус компанийн мэдээлснээр энэхүү систем нь үзэж буй дүрс, бичлэгийн төрөл, хэрэглэгчийн хаяг үүсгэсэн хугацаа зэрэг олон хүчин зүйлийн тусламжтайгаар тухайн хүний насыг тооцоолох юм байна. Хэрэв хиймэл оюун хэрэглэгчийг насанд хүрээгүй гэж үзвэл платформ тэдэнд мэдэгдэл явуулж, зээлийн карт, селфи зураг, эсвэл иргэний үнэмлэхээр төрсөн он, сараа баталгаажуулахыг шаардах гэнэ. Зөвхөн юүтүб бус, инстаграм, тик ток ч зохисгүй контентыг хүүхдүүдэд сурталчилж байна гэх шүүмжлэлд сүүлийн жилүүдэд нэлээд өртөх болсон. Тэгвэл хиймэл оюунд суурилсан уг систем нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилготой шинэ алхам болж буйг салбарынхан нь онцолж байна. Ташрамд дурдахад, Австралид үүнтэй холбоотой хатуу зохицуулалт хэрэгжүүлэхээр бэлтгэж буй гэнэ. Тус улсын шинэ хуулиар ирэх арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн 16-гаас доош насны хүүхдүүд юүтүбд нэвтрэхийг хориглох юм байна.
У.Цэцэг