Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо. Уг тэмцээн наймдугаар сарын 22-носс 26-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдана.
Олон улсын төслийн ерөнхий продюсер Г.Агааноров "Монгол улс энэхүү тэмцэээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд 13 орны 14 баг оролцоно. Улсаа төлөөлж манайхаас хоёр баг оролцох юм. Үндсэн тэмцээн ирэх ням гарагт Асса аренад болно. Дэргэдээс үзэх сонирхолтой хүмүүст хандаж хэлэхэд үнэ төлбөргүй учир та бүхэн ирж үзэж сонирхоорой. "Робокон" тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж 2024 оны наймдугаар сард Вьетнам улсад болсон олон улсын тэмцээн дээр дүрмээ танилцуулж, батлуулсан.
Монгол Улс 2019 анх удаа зохион байгуулахдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдуулсан даалгавар гүйцэтгэж амжилттай оролцож байв. Өнөөдөр дэлхий нийт даяарчлалын эрин зуунд амьдарч байгаа хэдий ч тухайн улс орны түүх, өв соёл бүхий л салбарт үнэ цэнтэй хэвээр оршихыг энэхүү олон улсын тэмцээнээр дамжуулан хүргэх зорилготой юм. Тиймээс сүүлийн үеийн залуусын анхаарлыг ихээхэн татаж, олон залуусын хүсэл тэмүүлэл зорилгыг тодорхойлдог сагсан бөмбөгийн төрлийг сонгосон нь олон орны тамирчдын оюун санааны охь ундаргыг мэдэрч, түүнээс суралцах хэтийн зорилгыг давхар агуулж байна. Тодруулбал, Улаан, хөх талын багууд талбай дээр сагсан бөмбөгийн дүрмээр тоглох юм. Стандарт шалыг бодвол арай бага буюу 15x8 харьцаатай, сагсны шийдний өндөр нь 2м 43 см юм. Уг тэмцээнээр дамжуулж хүүхэд залуусийн техник сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой " гэх мэдээлийг өглөө.
Олон улсын тэмцээний эрхийг авсан цагаас эхлэн үндэсний үзэл санааг ирээдүй хойч үедээ суулгаж, шинэ цагийн залуусын оюун билэг хөгжлийн ямар гарц, зүг чигийг заахыг “Робокон” тэмцээнээс харж болно. Тиймээс энэ удаагийн оюунлаг залуусын нэг дор цуглуулж, тэдний бүтээл туурвил хэрхэн бүтэж буйг үнэ төлбөргүй харах эрхийг зохион байгуулагчид олгож байна. Манай улсын дараа 2026 онд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг зохион байгуулах аж. Энэхүү тэмцээн зохион байгуулах асуудлыг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо шийддэг юм байна.