Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ОБЕГ, Усны газар, Архангай аймгийн ЗДТГ, Орхон, Чулуут голын сав газрын захиргааны судлаач, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг томилж, Өгий нуурыг хамгаалах цогц арга хэмжээг өнгөрсөн оны хавар эхлүүлсэн билээ. Тэгвэл үүний хүрээнд Өгий нуурыг тэжээгч Орхон голын цутгал болох Хоолойн голыг 10 км газарт хашиж хамгаалжээ. Үүний үр дүнд нуурт цутгах усны хэмжээ илт нэмэгдэн, Хоолойн голын урсац тогтворжсон аж. Машин техник, хүн, малын хөлөөс үүдэлтэй бохирдол эрс багасан, ургамлын бүрхэвч нэмэгдэж, тухайн бүсэд нутагладаг шувуудын тоо толгой өссөн байна. Түүнчлэн Өгий нуурын загас жараахай, усны шувуудын амьдрах орчныг сайжруулах зорилгоор Хойд мэргэнийг Урд мэргэн шанаатай холбосон хэсэг буюу нуурын баруун захын усан мандалд 4.2 км газарт хязгаарлалтын хөвүүр хийжээ. Ингэснээр нуурын хамгаалалтын бүсийг аялал жуулчлалын бүсээс тусгаарласан байна.
Н.Мишээл