УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй найман хүн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон шатлалтай болгох төсөл санаачилжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд орлогын хэмжээ 0-120 сая хүртэл төгрөг бол 10, 120-180 сая бол 15, 180 саяас дээш нөхцөлд 20 хувиар тооцон татвар авч буй юм. Дээрх гишүүд үүнийг 0-120 сая төгрөгийн орлоготой бол 10, 120- 180 сая байвал 12, 180-240 саяд 14, 240-300 саяд 16, 300-360 саяд 18, 360 саяаас дээш төгрөг олбол 20 хувь байхаар төсөлдөө тусгасан юм байна. Энэ талаар Х.Ганхуяг гишүүн “0-10 сая төгрөгийн орлоготой байвал татварыг тэглэнэ. Үүнээс дээш найман шатлалтайгаар хасагдаж тооцох байдлаар татвар боддог болох юм. Одоогийн хуулийн дагуу хэрэв та гурван сая төгрөгийн цалинтай бол 300 мянгын татвар төлж байгаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталбал 220 мянган төгрөг болж буурна. 10 сая төгрөгийн орлоготой хүн сард хоёр сая төгрөг төлдөг байсан нь 920 мянга болно” гэжээ.
Парламентад суудалтай бүх нам УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө татвар нэмэхгүй хэмээн амласан. Гэвч татварыг бууруулж, орлого үл хамааран жигд таван хувиар авдаг болгох, хяналтаа сайжруулахын оронд олон шатлал үүсгэж, улам будилаантуулах нь хэмээн нийгмийн сүлжээнд иргэд бухимдсан байр сууриа илэрхийлжээ. Мөн бага орлоготой нь татвар төлөхгүй, их мөнгө олдог нь илүүг төлж хохирох нь, иргэдээ ялгаварлалаа хэмээн шүүмжилсэн байна.
С.Уул