Монгол орны ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт их хэмжээний хур тунадас орсны улмаас томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерлээд буйг ЦУОШГ-аас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, Сэлэнгэ, Эг, Ерөө, Шарын гол зэрэг голын ус үерийн түвшнийг 10-35 см-ээр давсан байна. Мөн Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин өнөөдөр 10 см, Туул гол Лүн сум орчимд 40 см-аар нэмэгдэх хандлагатай гэнэ.
Амралт, зугаалгын үе хараахан дуусаагүй, хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед орон нутагт зорчигчдыг сонор сэрэмжтэй байхыг цаг уурчид сануулав. Ялангуяа сургууль, цэцэрлэг амарсан энэ үед бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа. Түүнчлэн дээрх гол, мөрний сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчдыг үерийн эрсдэлээс сэрэмжлүүллээ.
У.Цэцэг