“Монголын хөдрөг ба гар урлалын их наадам”-ыг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Эл наадмын хүрээнд хөдрөг, зүймэл, эсгий, сүлжмэл болон хүүхэлдэйн 40 орчим урлаачийн 200 гаруй бүтээлийг дэлгэжээ. Ингэхдээ өмнө нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд цацаагүй, бусад ижил төрлийн үзэсгэлэнд оролцоогүй, сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн бүтээлүүдийг дэлгэснээрээ онцлогтой гэнэ. Энэ сарыг дуустал үргэлжлэх эл наадам нь гар урлалын төрөл болох хөдрөг, зүймэл даавуун урлалын үнэ цэнийг өсгөх зорилготой үндэсний хэмжээний томоохон уралдаан юм. Түүнчлэн иргэдэд гар урлалыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглах талаар мэдээлэл олгох юм байна. Мөн гар урлалаар дамжуулан өв соёлоо олон улсад сурталчлан таниулах гэнэ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй эл наадамд бүх төрлийн гар урлаачид нас, хүйс харгалзахгүйгээр хөдрөг, зүймэл эсгий, сүлжмэл, хүүхэлдэй урлан оролцох боломжтой аж.
У.Цэцэг