ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик, газар зүйн салбарын судлаачдын баг Монгол орны хамгийн нам дор цэг Дорнод аймгийн Хөх нуурын хотгор бус, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дахь Номингийн говийн Элст хотгор болохыг 2021 онд хэмжилт судалгаагаар тогтоосон байдаг. Тодруулбал, Хөх нуурын хотгор нь далайн түвшнээс дээш 560 метрт өндөрт өргөгдсөн бол Элст хотгор 526 метрт оршдогийг хэмжилтээр баталсан.
Судлаачид энэ талаар олон нийтэд мэдээлсэн ч судалгааныхаа үр дүнг албан ёсоор баталгаажуулж, шинэчлэлгүй өдий хүрсэн юм. Тэгвэл холбогдох байгууллагынхан албан ёсны хэмжилт, судалгааг хийсний үндсэн дээр Монгол орны хамгийн нам дор цэгийг шинэчлэн батлах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх хүсэлт гаргажээ. Ингэснээр газар орны нэршлийг албан ёсны болгох, өндрийг нь шинэчлэн бүртгэх ажлуудыг хийх нь. Элст хотгор нь газар зүйн байршлын хувьд БНХАУ-ын хилээс 300 метрийн зайд, Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хамаардаг бөгөөд 1980 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор баталсан хамгийн нам дор цэг болох Хөх нуурын хотгороос 34 метрээр нам газарт оршдог аж.
Н.Мишээл