Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ. Уг чуулганд 25 улсын 230 гаруй зочин төлөөлөгч оролцож буй бөгөөд “Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриан дор нэгдэж байна.
Энэ үеэр жендерт суурилсан эдийн засаг, бизнесийн бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалт, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэх зорилготой сургалт, семинарууд зохион байгууллаа. Оролцогчид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг нийтлэг сорилтыг сонсож, хамтран шийдэх гарцыг эрэлхийлж байгаа юм. Мөн бодлогын түвшинд жендерт суурилсан болон ногоон хүртээмжтэй эдийн засгийг дэмжих, манлайллыг төлөвшүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан түншлэл, хөрөнгө оруулалтын шинэ гарцуудыг нээх, дижитал өөрчлөлт ба инновацтай хөл нийлүүлэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэхийг зорьжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяа “Манай улсын үйлдвэрлэлийн 90 хувийг жижиг, дунд үйлдвэр эзэлдэг. ЖДҮ эрхлэгчдийн 70 хувь нь эмэгтэйүүд гэсэн судалгаа бий. Мөн 2024 оны сонгуулиар парламентад анх удаа 32 эмэгтэй сонгогдож, нийт бүрэлдэхүүний 25 хувийг эзэлж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй¬ чүүдийн оролцоо нэмэгдсэнээр бизнес эрхлэгч бүсгүйчүүдээ дэмжих хууль, эрх зүйн орчныг сайжруулахад илүү анхаарна. Бид хүн амын 51 хувийг эзэлж буй эмэгтэйчүүдээ дэмжих чиглэлээр анхаарч ажиллаж байна” гэлээ.
Уг арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа, үйлчилгээг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилготой үзэсгэлэн худалдааг энэ сарын 24-25-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм. Үүнд 140 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгч оролцож, ноос ноолуур, гар урлал, IT технологи, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулжээ. Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэй¬ чүүдийн чуулган өнөөдөр үргэлжилнэ.
С.Уул