Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр “ОХУ-д шатахууны хэрэглээ өссөнөөс үүдэн манай улсын дотоодын тээвэрлэлийн хуваарь өөрчлөгдөж, бага зэргийн тасалдал үүссэн. Нөөц хэвийн байгаа” гэж мэдэгдсэн. Тэгвэл орон нутагт, тэр дундаа уул уурхай, аялал жуулчлалын гол бүс нутаг болсон говийн аймгуудад шатахуун тасалдаад цөөнгүй хонож буйг иргэд мэдээлж байна. Тухайлбал, Өмнөговь, Дундговь аймаг дахь зарим ШТС тодорхой үнийн дүнгээр квот тогтоон шатахуун хязгаарлалттай олгож эхэлсэн гэнэ. Үүнийг далимдуулж үнээ нэмсэн, нөөцгүйн улмаас хаалгаа түр барьсан түгээх станц ч цөөнгүй байгааг хэллээ. Өмнөговь аймгийн Булган сумд гэхэд энэ сарын дундаас хойш бензин хомсоджээ. Орон нутгийн замд зорчигчид, жуулчны хөтөч нар тус сумд хувиараа шатахуун зарж буй нэгэн иргэнийг эрэл сурал болж байж түлшээ залгуулж байгаа гэх. Тухайн иргэнтэй өчигдөр холбогдоход АИ-92 автобензинийг литрийг нь 4000 төгрөгөөр борлуулж байгаагаа хэлэв.
Даланзадгадад шатахуун хэвийн олгож буй ШТС ховор, зөвхөн “Монсуль”-ийнхан жуулчны машинд дараалал харгалзахгүй, квот тогтоохгүй шатахуун өгч байгааг “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр хэлэв. Дундговь аймагт хөтчөөр ажилладаг Н.Ганхүү “Жил болгоны долоо, наймдугаар сард говьд шатахуун хомсоддог. Өнөө жил бүр ч ховор байна. ОХУ шатахууны экспортод хязгаарлалт тавина гэсэн мэдээлэл тархсан нь үүнд нөлөөлсөн байх. Шатахуун хомсдох сургаар иргэд нэг дор их хэмжээгээр авч нөөцөлдөг, мөн түгээх станцууд ч үнэ нэмэх зорилгоор зохиомол эрэлт бий болгодог” гэсэн юм.
Энэ сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотод нэг литр дизелийн түлш 2940-3040, автобензин 25903510 төгрөгийн ханштай байсныг нийслэлийн Статистикийн газрын мэдээлэлд дурджээ. АИ-92, АИ-93 автобензиний ханш тавдугаар сараас хойш 200 төгрөгөөр өссөн бол АИ-95-ынх 50 төгрөгөөр буурчээ. АИ-92 шатахууны ханш говийн аймгуудад өдгөө хотынхоос 500 орчим төгрөгөөр үнэтэй байна.
Н.Мишээл