Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор шинээр ашиглалтад оруулсан цэцэрлэг, сургуулийн тоног, төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэв. 2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг хэвийн явуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг есдүгээр сарын 1-нээс өмнө нийлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгасан байна. Түүнчлэн нэн хэрэгтэй тавилга, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс болон эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан худалдан авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон аж.
Өнөөдрийн байдлаар улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 30 барилга ашиглалтад оруулаад буй. Мөн 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ онд 20-ийг нь ашиглалтад оруулах гэнэ. Үүнээс гадна 177 барилгад их засвар хийж байна. Түүнчлэн өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг сургалт, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой, эсэхийг судалж буй юм.
Ташрамд, Боловсролын сайд П.Наранбаяр улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэхэд 32.9 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн мэдэгдсэн билээ. Улаанбаатар хотод энэ хичээлийн жилд 36 сургуулийн 19 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн бөгөөд 27-г нь үл хөдлөх хөрөнгө түрээсэлж, шийдвэрлэхээр болсон.
Д.Хэрлэн