Ховд аймгийн Жаргалант сумын нутагт уржигдар 16.55 цагаас эхлэн 40 минутын турш усархаг, ширүүн бороо, мөндөр оржээ. Улмаар 84 айлын гэр, хашаа, 12 байшин, 14 орон сууцын зоорийн давхар үерийн усанд автсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдийн дуудлага, мэдээллийн дагуу 314 тонн усыг соруулж, таван км газарт далан сэргээн, гурван автомашиныг татан гаргажээ. Мөн тус аймгийн Зэрэг сумын Бураа багийн Өвдөг гэдэг газар усархаг аадар борооны улмаас зургаан айлын гэр үерт автсан байсныг аюулгүй болгосон аж. ЦУОШГ-аас мэдээлснээр ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
У.Цэцэг