Зуны олимпын 34 дэх наадам 2028 оны долоодугаар сарын 14-30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод явагдах билээ. “LA-2028” олимпын хөтөлбөрт спортын 36 төрөл багтсан. Гурван жилийн дараа АНУ-ыг зорих тамирчдын спортын уралдаан тэмцээний хуваарь гарчээ. Олимпын наадмын нээлт долоодугаар сарын 14-нд болох авч, 12-ноос уралдаан тэмцээнүүд эхлэх аж. Тухайлбал, хөл бөмбөг, сагсан бөмбөг, рагби-7, гандбол, крикет, зүлгэн дээрх хоккей, усан поло төрлийн хэсгийн тоглолтууд өрнөх нь. Харин хамгийн анхны медалийн эздийг долоодугаар сарын 15-нд тодруулах бөгөөд триатлон, жүдо, хөнгөн атлетик, рагби-7, буудлага, сэлүүрт завины төрөлд аваргууд төрнө. Олимпын наадмын хаалтын өдөр болох долоодугаар сарын 30-нд бокс, чөлөөт бөх, марафон, дугуй, усанд сэлэлт, мөн сагсан бөмбөг, волейболын төрлийн шигшээ уралдаан, тоглолт болох юм. “ЛА-2028”-д тусгайлан зориулж нэг ч шинэ спортын ордон, цэнгэлдэх хүрээлэн, барилга байгууламж барихгүй. “Тамирчдын тосгон”-д Калифорнийн сургуулийн оюутны байрыг ашиглах гэнэ. Мөн алдарт “Rose Bowl”, “Los Angeles Memorial Coliseum” олимпын наадмын уралдаан тэмцээнийг гурван удаа (1932, 1984, 2028) хүлээн авсан анхны цэнгэлдэх хүрээлэн болох юм. Лос-Анжелес болон түүний дагуул хотуудаас гадна Сан Диего, Сан Францискод хөл бөмбөгийн тоглолтуудыг явуулахаар төлөвлөжээ.