Монголчууд өдгөө жилд дунджаар 500 сая ширхэг өндөг хэрэглэж буй. Тэгвэл энэ тоо ойрын жилүүдэд 30 орчим хувиар нэмэгдэн 650 саяд хүрэх тооцооллыг ХХААХҮЯ-наас гаргажээ. Шувууны аж ахуй эрхлэгчид 2020 оноос өмнө өндөгний хэрэглээнийхээ 50 хувийг дотоодоос хангадаг байсан бол зээл, тусламж авч, тоног төхөөрөмжөө шинэчлэн, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр эл үзүүлэлтийг 80 хувьд хүргээд буй гэнэ. Энэ чиглэлээр аж ахуй эрхлэгчийн тоо ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэн, таван жилд гурав дахин өсжээ. 2020 оноос хойш гэхэд энэ салбарт шинээр 20 компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Манай улс өндөгний хэрэглээнийхээ 80 орчим хувийг дотоодоосоо хангадаг болсноор 100 гаруй тэрбум төгрөгийн гадаад валютын урсгалыг эх орондоо үлдээж, эдийн засгаа тэтгэж байгааг Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооныхон дурдав. Тэдний тооцоолж буйгаар манай үйлдвэрүүд 2027 он гэхэд гурван сая шувуутай болж, өндөгний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангах боломжтой гэнэ. Мэдээж үүнд төрийн тогтвортой бодлого, дэмжлэг, оновчтой хөрөнгө оруулалт чухал гэдгийг тус холбооныхон онцоллоо.
Н.Буян