Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсаны 100 хоног энэ сарын сүүлчээр тохионо. Үе үеийн Засгийн газрын ажлын эхний үр дүнг ийм хугацаагаар хэмжих нь улс төрд уламжлал болсон. Тэгвэл үүнтэй зэрэгцээд хамтарсан танхимд халаа сэлгээ хийх тухай сураг гарч эхэллээ. ХҮН, ИЗНН-тай Ерөнхий сайд одоо болтол хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй. Учир нь тэр намын дарга биш. Тамгаа авч чадах, эсэх нь ч эргэлзээтэй, түүний суудлыг бөхлөх учиртай Бага хурлаа ч МАН-ынхан зарлаж чадахгүй гацаад байна. Ийнхүү хамтралаа албажуулж, батжуулж завдаагүй байтал л танхим нь “тарах” эрсдэл үүсэв.
ИЗНН-ынхны зүгээс Засгийн газраас гарах тухай яриа цухалзаж, гомдол шидэлж эхлээд буй. Мөн МАН, АН-ын хооронд тэднийг дахин гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд багтаах тухай санал, тохиролцоо өрнөх болжээ. УИХ-д ч, намдаа ч албан тушаалгүй хүнийг Ерөнхий сайдаар томилох үед л энэ Засгийн газар удахгүй гэдгийг олон хүн хэлсэн, таамагласан, магад нам дотроосоо ч тэгж төлөвлөсөн биз.
АН ТҮР ЗУУРЫН СӨРӨГ ХҮЧИН ҮҮ
Тус намын шинэ даргаа сонгох үйл явц олон нийтэд нээлттэй, ил тод өрнөсөн. МАН-ын цөөнгүй гишүүн хэвлэлээр энэ жишгийг нь сайшаагаад сүйд. Бас Бага хурал нь олон жилийн “улигт” уламжлалаа шинэчилж, ардчилсан байдлаар өрнөөсэй гэж хүсэж буйгаа ч илэрхийлжээ. Хөшигний ард талцаж, тохиролцоогоо хийчихээд хурлаа зарладаг учраас энэ намын Бага хуралд заалнаас хэн нэгэн нэрээ дэвшүүлж, тэр нь дэмжлэг авах нь нар баруунаас гарахын дайтай “үзэгдэл” болно.
Юутай ч АН-аас дөрвөн хүн дараагийн даргад нэрээ дэвшүүлж, нээлттэй мэтгэлцэн, бодлого, мөрийн хөтөлбөр, үзэл бодлоо танилцуулсан. Энэ үеэр нийт найман асуултыг тэдэнд тавьсан юм. Үүний дотор АН дахин Засгийн газарт хамтрах, эсэх тухай дэмий ч нэг асуугаагүй нь мэдээж. О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нарын хариултаас тус намын зүгээс МАН-д тавьж буй шаардлагыг “уншиж” болохоор байсан билээ. АН-ын шинэ даргаар сонгогдсон О.Цогтгэрэл тухайн үед “Удирдах байгууллага хамтрах хэрэгтэй гэж үзвэл түүнийг л дагана” гэсэн. Тэгвэл Б.Пүрэвдорж нь “УИХ-ын сонгуулиар нийт сонгогчийн 55 хувь нь МАН, 45 хувь нь АН-д саналаа өгсөн. Тиймээс цаашид Засгийн газарт хамтарвал энэ харьцааны дагуу бүх албан тушаалыг хуваарилах нь зөв” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хэрэв МАН-аас Засгийн газарт хамтрах санал тавьж гуйвал гурван шаардлага л тавих хэрэгтэй. Нэгдүгээрт, АН-аас уучлалт гуй. Хоёрдугаарт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг 10 дотор багтаа. Мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж, бизнес эрхлэх, ажлын байртай байх боломжийг бүрдүүл. Эцэст нь, ардчилсан Улаанбаатар хотоос Х.Нямбаатарыг канондсон хувилбаруудтай нь хамт зайлуул. Эдгээр шаардлагыг хүлээн авсан нөхцөлд л хамтрах нь зөв” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Тус намын Үндэснийбодлогынхороо, Их хурал наймдугаар сарын 31-нд хуралдаж, шийдвэрээ гаргасан. Тэгвэл үүнээс ч өмнө “АН шинэ даргаа сонгосны дараа Засгийн газарт дахин хамтарна” гэсэн яриа хоёр намын хооронд өрнөсөн тухай хэвлэлүүд мэдээлж буй. Л.Оюун-Эрдэнийн танхимд хамтарч байхдаа төрийн өмчит компаниудад томилсон АН-ын хүмүүс одоо ч ажлаа хийж буй аж. Мөн МАН-ынханд “хөөгдсөн”-ийхөө дараа даргын албан тушаалаа өгөхөө шууд мэдэгдсэн хэдий ч Л.Гантөмөр “АН-аас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол Ерөнхий сайдын “арьсыг өвчинө”. Эдгээр менежер төрийн байгууллагууд дахь хулгайг хянах үүрэгтэй. Тэднийг хөөж явуулаад дур зоргоороо идэж уудаг, тараадаг байдал руугаа шилжих гэж байгаа бол бид өршөөхгүй” хэмээн эрсхэн мэдэгдсэн юм. Хамтарсан Засгийн газраас гарсан намын хүмүүсийг байлгана гэдэг нь өөрөө улс төрийн өнцгөөс логик муутай шийдэл. Гэвч МАН-ынхан дээрх хүмүүсээр нь оролдсонгүй. Энэ нь дээрхяриагбаталсанүйлдэлюм.
Ямартай ч энэ удаа АН-ынхан Засгийн газарт дахин хамтарвал өмнөх “хишиг”-ээ ахиулахыг шаардах нь мэдээж. Гэхдээ 55:45-аар бүх албан тушаалыг хуваарилах бодит боломж бага. Учир нь хамтралд нэгдэх өөр тал бас бий. Тэдэнд хувь хүртээх ёстой. 11 сайдын квот авах шаардлагыг АН тавьсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна. Үнэндээ АН-ынхан Засгийн газраас гарч, иргэдийн өгсөн сонголтын дагуу парламентад хүчтэй сөрөг хүчин болно, бүрэн эрхээ дуустал энэ байр сууриндаа байна гэж иргэд л “мөрөөдсөн” бололтой.
ЯВУУЛАХ САЙД НАР
Засгийн газраас гарахгүй хэмээн “амь тэмцэж”, эрх мэдэлтэйгээ зууралдахын тулд жинхэнэ сөрөг хүчин хийнэ гэдгээ илчилсэн ХҮН намын дарга Т.Доржханд одоо үнэнд гүйцэгдэж мэдэх нь. Тус нам Л.Оюун-Эрдэнийн болон одоогийн Засгийн газарт хоёр сайдын суудал авсан. Гэвч Боловсролын сайд П.Наранбаяр нь яамандаа их төсвөөр хурлын танхим тохижуулж, хүний, өөрийн хэдэн хүнд зодуулснаас өөр гавьтай юм хийсэнгүй. Хичээлийн шинэ жил эхэлчхээд байхад хүүхдүүд нэг ангид 60-уулаа шахцалдаж, ширээ, сандалгүй сургууль ч цөөнгүй байна. Ерөөс сайн багш байх нь сайн сайд буюу менежер болж чадна гэсэн үг огт биш гэдгийг П.Наранбаяр харуулж, огцрох болзлоо хэдийн хангаад буй. Харин ХҮН намыг тэр чигт нь “хөөх”, эсэх нь тодорхойгүй. Сайдаас нь буулгана гэвэл Т.Доржханд өлсгөлөн зарлаж ч мэдэх хүн. Тус намаас нэг квотыг нь буцааж магад. ИЗНН-ыг харин гурван сарын хугацаанд халтибаярлуулчхаад л явуулах сураг байна. Тэдний оронд Үндэсний эвслийг урих гэнэ. Г.Занданшатар танхимаа байгуулахдаа Н.Номтойбаяртай уулзсан ч тохиролцож чадаагүй гэдэг билээ. Энэ удаа түүний шаардлагыг биелүүлж, Шадар сайдыналбан тушаал өгч болзошгүй.
Тэгвэл МАН-аас хэдэн Засгийн газар дамжин сайдын суудалд тухалж буй ч үндсэн ажлаа сайн хийгээгүй, тийм чадвар ч сул гэдгээ харуулсан, олон нийтэд хамгийн ихээр “нүд үзүүрлэгдэж” буй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарыг сольж, суларсан квотыг АН-д өгөхөөр ярьж буй аж.
МАН-ЫН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ТОХИРОЛЦОО БҮХНИЙГ ШИЙДНЭ
МАН-ын дарга хэвээр байгаа Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатарын танхимын 100 хоног дуустал “томоотой” байна хэмээн намынхандаа ярьсан гэх. Харин үүний дараа “бужигнуулах” ажлаа ил тод болгож мэдэх нь. Тэр нь одоогийн Ерөнхий сайдыг хүчгүй хэвээр нь үлдээж, тамгыг өөрийн хүндээ шилжүүлэх, улмаар Г.Занданшатарыг огцруулах хүртэл хүндэрч болзошгүй. Гэхдээ үүнээс өмнө өөрийгөө хамгаалах, хүмүүстээ “бялуу” хүртээх тохиролцоо хийхийн тулд Бага хурлаа зарлахгүй байгаа биз ээ.
Төрийн тэргүүн Ерөнхий сайдаа намын даргын “хос морь”-той болгохын төлөө хичээж байгаа. Түүний тал “ялж” Ерөнхий сайд МАН-ын дарга болсон ч хамтарсан Засгийн газарт дээр дурдсан шиг хөдөлгөөн өрнөх магадлал өндөр. Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Тиймээс танхимыг нь муухай харагдуулж, иргэдийн шүүмжлэлийг хүртэж буй дээрх сайд нараа явуулж, оронд нь АН-ыг урих нь түүний хувьд зөв сонголт болохаж. Цаашид тогтвортой, бат бөх, илүү удаан ажиллая гэвэл УИХ-д 42 суудалтай тус намын нөмөр нөөлөг түүнд хэрэгтэй. Тэгэхээр МАН доторх бүлэглэлүүд буюу Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн талынхан яаж тохиролцохоос бүх зүйл хамаарах нь.