МАН-ын бүлэглэлүүд Төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон одоогийн намын дарга Л.Оюун-Эр¬дэнэ нарын талд хуваагдаад байна. Нам дотор нь өрнөж буй эл “зодоон”-ыг тойрсон үйл явдлууд ч эрчимжиж эхэллээ. Тохиролцоонд хүрэхгүй байгаа нь энэ бүхнээс харагдана. Тиймээс ч тэд энэ долоо хо¬ногт Бага хурлаа зарлаж чадсангүй.
Эхлээд Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүдийн томилгоотой холбоотой маргаан олны анхаарлыг татав. Ёс зүйн асуудалтай Ц.Анандбазар тэргүүтнийг орон тооны бус зөвлөхөөрөө авсан тухай мэдээлэлд олон нийт дургүйцэн шүүмжилсэн юм. Мөн уржигдар орой МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийсэн байна. Ерөнхийлөгч нөгөө талдаа сануулга өгч эхэллээ хэмээн үүнийг “хардах” хүн олон.
ЭРГЭЖ БУЦСАН НЬ
Ерөнхий сайд орон тооны найман зөвлөхтэй. Ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны даргаар нь Б.Даваадалай ажилладаг. Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эдийн засгийн бодлогын зөвлөх байсан юм билээ. Мөн Г.Батжаргал гадаад бодлого, С.Тамир аюулгүй байдал, Х.Цогтбилгүүндарь залуучуудын асуудал хариуцсан зөвлөх аж. Бас А.Энхзул, Г.Өлзийсүрэн, Б.Энх-Ундрам, Ж.Болд нар Засгийн газрын тэргүүнд зөвлөдөг юм байна. Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар, Б.Баттөмөр, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар нар орон тооны бус зөвлөхөөр ажилладаг тухай мэдээлэл зарим сайтаар цацагдсан.
Ц.Анандбазарыг өмнө нь Эрүүгийн хуулийн 12.1-ийн хүчиндэх, 13.5-ын заналхийлэх зүйл ангиар шалгаж байсан. Нийгэмд түүний ёс зүйгүй, хууль бус үйлдлийн талаарх олон таагүй мэдээлэл цацагдаж, цөөнгүй охид, бүсгүйчүүд гэрч¬лэн ярилцлага өгч байв. Тиймээс түүний “Сод Монгол” группийн ШТС-аар үйлчлүүлэхээс татгалзах албан бус аян ч өрнөөд авсан юм. Олон нийтэд нэр хүнд муутай ийм хүнээр Монгол Улсын Ерөнхий сайд зөвлүүлж байгаа тухай мэдээлэл иргэдэд таалагдаагүй нь мэдээж. Тэгвэл Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт эл мэдээллийг няцааж, дээрх хүмүүсийг зөвлөхөөр томилсон тухай ямар ч тушаал, шийдвэр гараагүй гэсэн. Гэвч тушаал гаргахын өмнөхөн энэ тухай мэдээлэл хэвлэлээр тарсан учраас эргэж буцахаар шийдсэн байна хэмээн сайтууд шуугив. Г.Занданшатарт Ц.Анандбазарын унасан нэр хүнд сайнаар нөлөөлөхгүй, олон нийт таатай хүлээж авахгүй. Ийм байхад түүнийг орон тооны бус зөвлөхийн албан тушаалдаа авсан байсан бол энэ нь улс төрийн эрх ашигтай л холбоотой. Сонгуульд өрсөлдөөд ялагдсан, гомдсон, гологдсон хүмүүст нам нь “бялуу” хуваарилдаг явдал энгийн үзэгдэл болсон. Нөгөө талаар МАН-ын даргын тамгыг булаацалдан, талцаж буй энэ цаг үед Г.Занданшатарт өөрт нь санал өгөх хүмүүсийн “ирц” чухал. Тиймээс тэрбээр зөвлөхөөсөө эхлээд өөрийн эрх мэдлийн хүрээнд томилж болох албан тушаалуудаар “талаа бүрдүүлж” явсныг үгүйсгэх аргагүй. Гэвч хөрөнгө арвин ч нэр хүнд муу хүн сонгоод өөрийгөө хорлох шахсан бололтой. Олон нийт дургүйцээд эхэлмэгц харин буцсан байж мэдэх нь.
1980-ААД ОНЫХОНД ХЭН САНУУЛГА ӨГӨВ
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ойрын хүн, баруун гар нь гэдгийг хэвлэлээр мэдээлж байна. Тиймээс АТГ-аас түүнийг нэгжсэн нь Ерөнхийлөгчийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн талынханд буюу Г.Занданшатарын гол “өрсөлдөгч” болоод буй Д.Амарбаясгаланд сануулга өгч буй үйлдэл хэмээн үзэх хүн олон байна.
Өөрчлөх, шинэчлэх тухай дуугарах, эсвэл үгийг нь сөрсөн нөхцөлд цагдаа, хуулийн байгууллагаар шалгаж, “номхруулах” арга улс төрд үйлчилсээр удсан. Ийнхүү дарамтлах арга хэрэглэж байна гэж үзэж буйгаа МАН доторх 1980-аад оны УИХ-ын гишүүдээс ч илэрхийлээд эхэлжээ. Тус намын жагсаалтын наймдугаарт бичигдэн УИХ-ын гишүүн болсон М.Мандхай дээрх үйл явдлын талаар цахим хуудсандаа “Би шинэ залуу үеийнхний эрч хүч, эрүүл үзэл санаа, итгэл үнэмшилд тулгуурлан МАН-д нэгдсэн. Намын удирдлагад залуу, чадварлаг, төрийн ялзралын эсрэг өөрчлөлт хийх эрмэлзэлтэй хүмүүс ажиллаж байгаа нь надад итгэл өгсөн. Түүний нэг нь Ц.Чулуунзагд дарга байсан юм. Өнөөдөр олон шинэ залуу парламентын гишүүн болж, үеийн шилжилтийг бодитоор хийж буй нь үүний нэг жишээ. Гэвч МАН-ай намд энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй, хуучин сэтгэлгээтэй, бид хаан бусад нь боол гэж боддог, тийм үзэл санаатай хэсэг байгааг харахад үнэхээр харамсалтай байна. Монгол бол дарангуйллын улс биш. Бүхнийг айлган сүрдүүлж, арчаагүй үйлдлээр шинэ үеийн дуу хоолойг боомилох, өөрчлөлт, ши¬нэчлэлийг эсэргүүцэх оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн бичжээ. “АТГ ажлаа л хийж байна шүү дээ” гэсэн сэтгэгдэлд тэрбээр “Бүх юманд цаг хугацаа байдаг. Намын дарга солигдох мөчид АТГ гэнэт ажиллаж, намын залуу удирдлагыг хорьж байна. Ийм тохиолдол гэж байх уу” хэмээн хариулжээ.
Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуулиар намынхаа жагсаалтын эхний байруудад олон нийт төдийлөн танихгүй, салбар бүрдээ шилдэг гэх залуусыг багтааж, үүгээрээ “Өөрчлөлт шинэчлэлт авчирлаа” хэмээн пиар хийж байсан билээ. Тиймээс ч парламент дахь МАН-ын 1980-аад оны залуус бараг бүгд түүний “баг”-т багтдаг. Тэд дуугараад эхэлсэн нь нэг талаар залуус МАН-д бугшсан буруу тогтолцоог өөрчлөх салхи үлээлгэж буйн баталгаа юм. Учир нь өрсөлдөгчөө дарахын тулд хууль, шүүхийн байгууллагыг ашигладаг аргыг зөвтгөх ёсгүй. Нөгөө талаар энэ нь Л.Оюун-Эрдэнийн талынханд өгсөн цохилт байгаа оносны илэрхийлэл байж мэднэ. Мөн АТГ-ыг Ерөнхийлөгчийн “гараар” хөдөллөө гэсэн шүүмжлэл нийгмийн сүлжээнд ч өрнөж байна.
Гэхдээ энэ “хардлага” бас эргэлзээтэй. АТГын дарга З.Дашдавааг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа улираан томилуулсан. Түүний хүүгийн тансаглалын эх үүсвэрийг тус газар тун хялбархан “нотолсон” билээ. 2025 он гарсаар дөрвөн сарын зайтай гурван удаа “Херо энтертайнмент” ком¬паниас нийт 300 сая төгрөгийн орлого олж, үүгээрээ сүйт бүсгүйдээ бөгж авсан болоод эл хэ¬рэг чимээ алдарсан. Нэг компанийн санхүүгийн гүйлгээг шалгахын тулд хугацаа сунгаж, 60 хоног зарцуулсан юм даг. Өөрийнх нь томилсон дарга түүний булхайг илчилж чадахгүй гэж олон нийт эргэлзсэн. Тэр ёсоор ч хариу гарсан. Гэтэл одоо тэрбээр экс Ерөнхий сайдынхаа эсрэг ажиллах уу. Эсвэл эсрэг талаа харлуулахын тулд МАН-ын дарга өөрөө ийм “зохиол” бичсэн юм биш биз. Бид хардах эрхтэй.
Ямартай ч МАН-ынхны хөшигний арын зөрчил гүнзгийрч, тэсрэн ил гарч эхэллээ. Тус намын Бага хурлын товыг Удирдах зөвлөлөөс нь зарлах ёстой. МАН-д цаг хугацаа давчуу болж буй. Ирэх долоо хоногт УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Гэтэл тэд одоо болтол Удирдах зөвлөлөө ч хуралдуулж чадсангүй. Тус зөвлөлөөс Бага хурлыг товлох учиртай. Улмаар Бага хурлаас Их хурлаа зарладаг. Гол асуудал Бага хурал дээр өрнөж, Их хурлын төлөөлөгчид нь гараа өргөн баталгаажуулдаг гэхэд болно. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Манай намын зовлонг улсынх гэж бодож болохгүй” гэжээ. Хүссэн ч, хүсээгүй ч МАН бол төрийн эрхийг олонхоор барьж буй нам. Тиймээс тэдний дотоодын гэх зодоон бидний амьдралд хамааралтай. Тийм ч учраас олон нийт анхааралтай ажиглаж буй юм.
Ийнхүү УИХ-ын намрын чуулган эхэлмэгц л МАН-ынхан “бужигнахаар” шийджээ. Тэгэхээр энэ амралтын өдрүүдэд тал талд “зөвшилцөх” уулзалт болбол гайхах хэрэггүй нь.