БНХАУ-ын Ханжоу хотод болж буй ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар Хомын талын байгалийн цогцолборт газрыг албан ёсоор бүртгэж, баталгаажууллаа. Энэ сарын 26-28-нд болсон хурлын үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Мөнхбат нар батламжаа гардсан аж. Манай Хомын талаас гадна Албани, Ангол, Исланд, Тажикистан, Этиоп зэрэг 20 улсын 25 газрыг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэгтгэсэн байна. Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо ийнхүү 12 болжээ. Уг сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын олон улсын ач холбогдол нэмэгдэж, хадгалалт, хамгаалалт нь сайжрах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой. Цаашлаад нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа төсөл, хөтөлбөрийг ЮНЕСКОгоос дэмжих нөхцөл бүрддэг байна. Түүнчлэн бүс нутгийн сүлжээний зүгээс зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд хамрагдах замаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, боловсон хүчний болон бусад үйл ажиллагааны чадавхаа нэмэгдүүлэх давуу талтай.
Хомын талыг 2020 онд байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад оруулсан. 411 403 га талбай хамардаг тус газар нь Монгол орны говь, хээрийн бүсийн шинж төрхийг хадгалсан өвөрмөц тогтоцтой. Төв хэсэгтээ цөлжүү, хуурай хээрийн хэв шинж зонхилдог. Хар ба Дөргөн нуурын эргээр зэгсэн шугуйтай, нутгийн хойд хэсэг Завхан голын хөндийгөөр үржил шимт нуга, бага хэмжээний элсэн тарамцагтай, амьдрах орчны олон янз байдал хосолсон байгалийн өвөрмөц бүрдэл бүхий нутаг юм.
О.Ундрах