МАН-ын талцал төрийн институц хоорондын зөрчил болж, улс орны ажилд саад учруулах хэмжээнд гүнзгийрч байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй 1980- аад, Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжигч 1970-аад оныхон хэмээн эл нам дотроо хуваагдаад буй юм. Намынх нь Бага хурал хэдийн болж, олонхын саналаар Д.Амарбаясгаланг даргаараа сонгочихсон. Гэвч ялагдсан талынхан үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байна. Бага хурлын шийдвэр дүрмийн бус, ирц бүрдээгүй гэжЕрөнхий сайдын талынхан маргаж буй.
Мөн тэрбээр өөрийн биеэр ард түмэндээ хандсан мэдэгдэл хийж, УИХ-ын даргыг нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хэмээн зарлаад, улмаар уг сүлжээтэй тэмцэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдаараа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж буйгаа зарлав. Тэгмэгц Д.Амарбаясгалангийн талынхан уржигдар шөнө хуралдаад, сайд болгох гэж буй хүнийг нь намаасаа хөөчхөж байгаа юм.
ШҮҮХИЙН ДАЙТАЙ “ЭРХТЭЙ” ХЕХ
Бага хурлын өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Админерал” компаниараа дамжуулан нүүрсний хулгайн хэрэгт холбогдсоныг илчилсэн, мөн хүн амины хэрэг үйлдсэн байж болзошгүй тухай ярьсан билээ. Тэгвэл энэ үйл явдал одоо өрнөж буй “цуврал”-ын ердөө эхний анги байжээ. Араас нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийгөө өмгөөлж, нөгөө талынхан нь албаар харлуулж байна хэмээсэн. Мягмар гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийлээ. УИХ-ын дарга өчигдөр орой болтол түүнд өөрийн биеэр ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй, оронд нь төлөөллөө “ядартал” нь ажиллуулав. Нийгмийн сүлжээнд ч, Төрийн ордонд ч түүнийг өмгөөлөх үүрэгтэй “баг” хүчин зүтгэсээр буй юм. УИХ-ын гишүүд байнга микрофоноос “дүүжлээстэй” байж, тус тусын даргаа өмгөөлөөд завгүй явна. Ердөө долоо хоногийн дотор МАН-ын эдгээр өндөр албан тушаалтан, мөн УИХ-ын гишүүд нь ээлжлэн мэдэгдэл хийгээд л, гэнэт нээлттэй болж сэтгүүлчдэд хайр зарлаад л сүйд. Эндээс хэн нь хэний тал вэ гэдгийг олон нийт маш тод ялган харж байна.
МАН-ын Хяналтын ерөнхий хороо (ХЕХ)-ны хурлыг уржигдар 17.00 цагт зарласан юм. 15 гишүүнтэй тус хороог УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалдаг. Тэр бол Д.Амарбаясгалангийн “үнэнч цэрэг”. Уг хуралд 13 гишүүн оролцож, шөнө дунд болтол хуралдаад, олонхын саналаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаасаа хөөх шийдвэр гаргасан аж. Нэг хүн татгалзаж, нэг нь цагаан хуудас өгсөн юм билээ. Үлдсэн 11 нь дэмжсэн гэсэн үг. ХЕХ-ны гишүүдийн дунд “Нүүрсний сонсгол”-ын үеэр гэрчээр дуудагдсан 4-5 хүн байсантухай ээлжит ноцтой мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр задлав. Гэхдээ түүнийг яг ямар шалтгаанаар хөөсөн бэ.
Тус намын дүрэмд тусгаснаар гишүүн нь авлигын асуудал болон бусад гэмт хэрэгт холбогдсон, илт ёс зүйн алдаа гаргасан нөхцөлд хөөж болдог аж. Харин дээрх гишүүн нэгэн нэвтрүүлэгт УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой зүйл ярьснаараа буруудсан байна. Түүнийг баримтгүй зүйл ярьж, хүн гүтгэсэн хэмээн 1980-аад оныхны бүлэглэл “гомдож” буй юм. Тиймээс ч Бага хурлынхаа үеэр зарим гишүүн нь Б.Энхбаярт хариуцлага тооцож, хөөх тухай санал гаргасан. Улмаар хурлын дараа “шилэн” Б.Цогтгэрэл гарын үсэг цуглуулж, 100 гаруй гишүүн нь дэмжсэн гэнэ. Эл процесс үргэлжилж байтал Ерөнхий сайд Г.Занданшатар гарч ирээд нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох болсноо зарласан. Түүнчлэндаргыг нь “нүүрсний хулгайч” мөн байж хэмээн ард түмэнд зарлаж орхисон учраас “багийнхан” нь хариу арга хэмжээ авах хэрэгтэй болов. Тиймээс л ХЕХ-ны хурлыг яаралтай зарлаж, Б.Энхбаярыг томилж буй шийдвэрийг парламентад танилцуулахаас өрсөж МАН-аас хөөх тогтоолгаргалаа. Гэтэл түүнийг хүн гүтгэсэн буруутай тухай ямар ч шийдвэр шүүх гаргаагүй. Өөрөөр хэлбэл, гэм буруутай, эсэхийг нь тогтоогоогүй. Гэтэл МАН-ын ХЕХ шүүхээс давсан эрх эдэлсэн байна.
Б.ЭНХБАЯР: БИ НҮҮРСЧДЭД ХӨӨГДӨХГҮЙ, ТЭДНИЙГ ХӨӨНӨ
Төрийн ордонд өчигдөр бужигнаантай өнжлөө. УИХ-ын гишүүд тал талд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв. Юуны өмнө анх удаа сонгогдсон гишүүн М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин, Б.Хэрлэн, З.Мэндсайхан Б.Заяабал, Л.Соронзонболд нар мэдээлэл хийж, шийдвэрээ цуцлахыг ХЕХ-ноос шаардав. МАН 2024 оны сонгуулиар авлигатай тэмцэх уриагаа гол чиглэл болгож ялалт байгуулсан. Гэтэл авлигатай тэмцэхийг уриалж, шударга ёсыг сануулан үгээ хэлснийх нь төлөө нэг гишүүнээ намаас хөөж буй нь буруу гэж тэд үзжээ. Мөн ХЕХ хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж шүүмжилсэн юм. Гишүүн М.Бадамсүрэн “Төрийн эрх барьж буй МАН шударга, ёс зүйтэй, хууль дүрмийг чанд хэрэгжүүлж ажиллах ёстой. Ингэж дүрэмгүй тоглож болохгүй. Асуудалд ухамсартай, хариуцлагатай ханд” гэсэн бол Д.Энхтүвшин “Хоёр хүний асуудал байгаа. Нэг талд Б.Энхбаяр гишүүнийг худал мэдээлэл өгсөн гэж буй бол нөгөө талд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хэрэгт холбогдсон тухай яриа бий. Гэтэл нэг хүнийх нь талаар л шийдвэр гаргасан. ХЕХ-ны шийдвэрийг МАН-ын нийт гишүүний байр суурь гэж үзэхгүй байна” гэв. Тусхороонь шийдвэрээ эргэж харахгүй бол эдгээр гишүүн УИХ дахь МАН-ын бүлгээс, цаашлаад намаасаа гарах болно хэмээн мэдэгдсэн юм. З.Мэндсайхан гишүүн “ХЕХ-ны дарга Б.Баярбаатар давхар албан тушаал хашиж, хууль зөрчиж буй. Тиймээс түүний гаргасан шийдвэр эрх зүйн чадамжгүй” гэсэн бол Б.Заяабал “Үндсэн хууль, МАН-ын дүрмийн хүрээнд бид ажиллах ёстой ч ХЕХ-ны шийдвэр үүнээс хальсан байна. Эдүгээ төсөв хэлэлцэж буй чухал үе. Гэтэл мэдээлэл дэлгэсэн УИХ-ын гишүүнийг намаас хөөснөөр дотоод хагарлын үүд хаалгыг нээлээ” хэмээсэн юм. Тэдний энэ байр суурийг дэмжиж, нэгдэх өөр ч олон гишүүн бий гэнэ. Ийнхүү Б.Энхбаярыг өмөөрсөн талынхан үгээ хэлсэн бол нөгөө талынхан мэдээж зүгээр суухгүй. Нийгмийн сүлжээгээр “МСS-ийн гишүүд хэлд орлоо. Ерөнхийлөгчийн талынхан ч дотор нь байна” гэсэн мэдээллийг түгээж байв.
Л.Оюун-Эрдэнийн өөр нэг “үнэнч цэрэг” болох гишүүн А.Ариунзаяа “Яагаад эрх мэдлийн төлөө ингэж улайран зүтгэж, нэгийгээ алуурчин болгон, хууль хяналтын байгууллагын нэр хүндийг дорд үзнэ вэ. Бага хурлын олонхын шийдвэр шүү дээ, үүнийг үгүйсгэх хэрэг байна уу. Ерөнхий сайдыг ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэхээр нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, хамтдаа ажиллана гэж хэлнэ хэмээн бодсон. Гэтэл өрсөлдөгчдөө ялагдсаны төлөө нүүрсний хулгайтай тэмцэх нэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаа сольж байна. Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөөгүй байж ийм мэдэгдэл хийж болох юм уу. Арай хариуцлагагүй биш үү” гэв. ХЕХ-ны шийдвэрийн талаар тэрбээр бөөрөнхийлөөд өнгөрөв. Бас тусхороошийдвэрээ цуцлахгүй бол намаас гарна гэсэн гишүүдэд “Энэ бол тэдний асуудал” гэсэн тоомжиргүй хариу шиднэ лээ.
Ойрын үед улс төрд өрнөж буй “цуврал”-ын нэг гол дүрээр тодроод буй гишүүн Б.Энхбаяр ч товчхон мэдэгдэл хийсэн. Тэрбээр “ХЕХ-ны шийдвэрийг хэвлэлээс уншлаа. Шийдвэр гаргасан гишүүдийн 4-5 нь 2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-д гэрчээр дуудагдсан хүмүүс байна лээ. Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин тэднийг эх орноосоо хөөнө. Намайг ярилцлага өгснөөс хойш хэдэн хоногт хэн нь нүүрсний хулгайтай холбоотой нь ялгарч байна. Өөрсдөө гарч ирж, өөрийгөө илчилж байна шүү дээ. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, хүүхдүүдийн сурах боломжийг хулгайлж буй хүмүүстэй хийх тэмцэл юм” гэв.
Ерөнхий сайд түүнийг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг танилцуулах тухай албан бичгийг УИХ-д уржигдар өгсөн, өчигдөр танилцуулах байв. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвшөөрлөөр үүнийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах ёстой. Өөрийг нь “нүүрсний хулгайч” хэмээн “гүтгэсэн” хүнийг сайдаар томилуулахыг УИХ-ын дарга зөвшөөрөх үү гэсэн эргэлзээ бас байлаа. Тэр ёсоор ч болов. Спикерийн өмнөөс УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж ярьжээ. “Ерөнхий сайдаас албан бичгээ ирүүлсэн, гэхдээ чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тогтоодог. Өнөөдөр чуулганаар уг асуудлыг хэлэлцэх тов байхгүй” гэсэн байна. Засгийн газраас яаралтай горимоор өглөө нь өргөн барьсан асуудлыг үдээс хойш нь чуулганаар хэлэлцэж болдог. Хүсвэл шүү дээ. Ингэж болдгийг бид Л.Оюун-Эрдэнийн танхимын үед бишгүй харсан. Харин одоо өөрийнх нь “өштөн”-ий асуудлыг чаддаг юмаараа боох нь. УИХ-ын чуулганаар томилгоог нь танилцуулсны дараа Б.Энхбаяр гишүүн улс төрийн дэлгэрэнгүй мэдэгдэл хийнэ гэсэн. Гэхдээ өчигдөр лав ингэж амжсангүй.
Ийнхүү бужигнаж байтал үдээс хойш 17.00 цагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэнэт мэдээлэл хийв. Тэрбээр МАН-ын даргад нэр дэвшихдээ хувь хүн биш, хууль засагладаг эрх зүйт төрийг бий болгох, намаа хамтарсан удирдлагатай байлгах, ардчилсан Монгол Улсын парламентын дархлааг улам бэхжүүлэхийн төлөө байснаа юуны өмнө сануулсан. Ингээд сүүлийн хоёр жилийн турш нүүрсний хулгайч мэтээр баримтгүй гүтгэсэн, намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэний дараа энэ бүхэн дахин эрчимжсэнийг хэлсэн юм. Мөн өнгөрсөн хугацаанд уг асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллагаас түүнийг шалгасан зүйл үгүй, гэрчийн болон бусад хэлбэрээр дуудаж мэдүүлэг ч аваагүй, шүүхээс гэм буруутайг нь тогтоосон шийдвэр байхгүй гэв. Б.Энхбаяр гишүүн ярилцлагадаа түүнийг хүн амины хэрэгт холбоотой гэсэн. Энэ талаар тэрбээр “Би ЦЕГ-т гомдлоо гаргаж, намайг ийм хэрэгт холбогдуулж шалгасан, эсэх тайлбар гаргаж өгөхийг хүссэн. Мөн ХЗДХ-ийнсайд Л.Мөнхбаатарт хүсэлтэд шуурхай хариу өгүүлээч гэж хандсан. Магадгүй үүнээс болоод Л.Мөнхбаатарыг сайдаас нь чөлөөлсөн, бас надад хариу тайлбар өгүүлэхгүйн тулд хуулийн байгууллагад дарамт үзүүлсэн байж болзошгүй” гэлээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өчигдөр15.00 цагт мөн л гэнэт зарласан юм. Үүгээр УИХ-ын даргын нэр холбогдоод буй асуудлаар цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар сонсоно гэж байв. Гэвч ирц бүрдээгүй учраас хуралдсангүй. Үүнийг Д.Амарбаясгалан дарга “Надаар дамжуулан парламентын үйл ажиллагааг доголдуулж, бойкотлох оролдлого” хэмээн тодорхойлсон. Гэхдээ байнгын хорооны хурал зарласны хүчээр цагдаагийн байгууллагаас өөрийг нь хүн амины хэрэгт холбож шалгасан зүйлгүй гэсэн тайлбарыг бичгээр авсан байна.
Түүнчлэн өөрийг нь гүтгэсэн этгээд захиалагчаасаа шагналаа авч, ХЗДХ-ийнсайд болж байна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Ерөнхийлөгч болон УИХ-д эхэлж танилцуулахгүйгээр сайд томилсон нь хууль бус гэсэн юм. Ер нь бол өөрийнх нь эсрэг хууль, хүчний байгууллагыг ашиглан дарамталж байгааг тэрбээр мэдэгдээд “УИХ-ын даргын албан тушаалтай хэдий ч төрийн том дарангуйллын дунд хүчин мөхөстөж байна” хэмээсэн. Гэхдээ өөрийг нь дэмжиж буй УИХ-ын гишүүд, иргэдтэй хамтран увайгүй гүтгэлэг хийж, өрсөлдөгчдөө гутаагчдын эсрэг, шударга ёсны төлөө тэмцэнэ гэлээ. Баримтад суурилан асуудалд хандаж байхыг тэрбээр парламентад суудалтай бусад намд уриалж, АН-ын бүлгийн хуралдаанд оролцож тайлбар өгөхөд бэлэн байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн “гаднын нөлөө” орчихгүй бол Дээд шүүхэд илгээх МАН-ын даргаар бүртгүүлэх материал ньбүрэн болсныг дуулгана лээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ ХААЧИВ
УИХ-ын дарга өдөржин эсрэг тал руугаа гишүүд, дэмжигчдээрээ дамжуулан “сум тавьсны” эцэст өөрөө гарч ирж ийнхүү мэдэгдэл хийсэн юм. Гэхдээбусад олон асуулт хариултгүй хэвээр үлдэв. Түүнийг Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахаар ажиллаж буй тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. УИХ-ын даргыг “нүүрсний хулгайч мөн” гэж мэдэгдэхдээ Засгийн газрыг нь огцруулах хариу арга хэмжээ ирнэ гэдгийг Г.Занданшатар тооцоолсон нь мэдээж. Нам дотроо хүчтэй байгаагаа харуулсан учраас 1980-аад оныхон нэг зүтгэвэл Засгийн газар тэсэхгүй байж мэднэ. Ингэвэл Г.Занданшатар түүхэнд хамгийн богино настай Ерөнхий сайд болох юм.
МАН-ын даргын сонгуульд “сул” улс төрчид биш, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд өрсөлдсөн нь өнөөдөр асуудлыг төрийн хямрал болгон гүнзгийрүүлэх шалтгаан болжээ. Тэд ээлжлэн бие бие рүүгээ “дайралт” хийх зууртаа төрийн, үндсэн ажлаа умартаж орхив. Бас эл “тулаан”-д нь улс орон хэлмэгдэж буйг ухаарах сэхээ ч алга.
Тэгвэл эл “зодоон”-д голлох үүрэгтэй оролцож явсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаачив. Тэр яагаад намынх нь талцал төрийн хямрал болж байхад чимээгүй хараад сууна вэ. ХэдийгээрМонголУлсынЕрөнхийлөгчнамбусбайхёстойчөмнөх Засгийн газрын тэргүүнийг огцруулахаас эхлээд тэр уг асуудалд хэдийн“гар дүрсэн”. Өөрийгөө улсын “хаан” гэж бодох хүртлээ амьдралаас тасарсан байсан Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардаж иргэд сар орчим жагссан билээ. Гэвч бүх талаар өөрийгөө хамгаалсаар, албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байв. Түүнийг Төрийн тэргүүний оролцоо, тусламжтайгаар арай гэж огцруулсан нь нууц биш. Яг энэ алхамд нь олон нийт талархаж, Ерөнхийлөгчид алга ташиж байлаа. Дараа нь тэрбээр өөрийнхөө Тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгосон. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын “нөхөрлөл” энд хүрээд дууссан юм. Тиймээс ч У.Хүрэлсүх Г.Занданшатартаа намын даргын тамгыг нь авч өгнө гэсэн хүлээлт байв. Гэтэл тэр хүчирсэнгүй. Бага хурал дуустал Төрийн тэргүүн энэ бүхэнд их л идэвхтэй “оролцож” явсан ч гэнэт л таг болчих нь тэр.
Одоо л түүний “зохицуулалт” МАН-д, цаашлаад улс оронд хэрэгтэй байна. Хоёр засаглалын тэргүүн маргаж байхад тэр чимээгүй байх эрхгүй. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусга. УИХ хуулийн хугацаандаа амжиж хийдэлгүй төсөв батлах ёстой. Танай намын “зодоон”-нд бид улсаараа чирэгдмээргүй байна.