“УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”. Үндсэн хуулийн эл заалт бэлгэдлийн төдий өөрчлөгдсөн гунигт цаг үеийн гэрч нь бид болж байна. Учир нь нийт ард түмнийг төлөөлж сонгогдсоноо ч ойлгохгүй, эсвэл иргэдийн шууд санал аваагүй голдуу гишүүд нам, бүлэглэлийн эрх ашгийн төлөө “амиа өгөх”-өөс ч буцахгүйгээ эрээ цээр-гүй харуулах болов. Сүүлийн үед өрнөж буй эрх баригч намын талцал УИХ-ын гишүүдийн хэн нь хэн болохыг илчилж байгаа юм. Ёс зүйн алдаа гаргаж, хууль зөрчсөн атлаа хариуцлага хү¬лээхгүй гүрийдэг улс төрчид бүлэглэлийнхээ төлөө бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээс ч татгалзаж чадах гэнэ. Троллын үүргийг нийгмийн сүлжээнд зарим сэтгүүлч, сайт, иргэд гүйцэтгэдэг бол Төрийн ордонд ч нэг хэсэг нь ийнхүү ажиллах болжээ. Зохион байгуулалттай, захиалгат мэдээллийн үйл ажиллагааг тролл хэмээн тодорхойлж буй билээ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЭХЛҮҮЛСЭН УРШИГ
Аливаа улс төрийн намд хэзээнээс л бү¬ лэг, фракц, жигүүр байсаар ирсэн. АН-ын хувьд бол энэ нь улс төрийн гол имиж, бараг “бахархал” нь. МАН-д ч хотын, зүүний гэх мэтээр бүлэглэл оршиж, хөшигний ард талцаж л явсан. Гэхдээ “ах” нар бүлэг, фракцын улс төрдөө хязгаар тогтоож чаддаг байж. Харин өнөөгийн УИХ-ын гишүүдэд ийм чадвар дутжээ. Цаг хугацаа улирч, шинэ парламент бүрдэхийн хэрээр улс төрчдийн эх орноо гэх сэтгэл хумигдаж, улам л амин хувиа хичээсэн, эрх мэдэлд шунасан шинжтэй болоод буй нь харамсалтай. Ёс суртахуун гэдэг үг бүр гээгдэн мартагдав.
Тэгвэл ийм шалчгар, төрийн хүний буурь суурьгүй байдал сүүлийн таван жилд илүү идэв¬хэжсэн гэхэд болно. Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнэ хэмээх хүн Монгол төрийн “хаан” болтол дэвшиж, эрх мэдлийг атгаж байлаа. 2018 оны арванхоёрдугаар сард тэрбээр УИХ-ын бусад гишүүний хамт Сүхбаатарын талбайд нэлээд хангамж сайтай, “тансаг” жагсаал хийж, тухайн үеийн МАН-ын дарга, спикер М.Энхболдыг огц¬рохыг шаардсан юм. Шударга ёс, авлигагүй ний¬гэм бүтээхийн төлөө “ах” нараа өндөр суудлаас зайлуулахаар тэмцэж буйгаа ийнхүү зарлаж байв. Элдвээр хэлүүлж, шүүмжлүүлдэг ч М.Энхболдод хуучны улс төрчийн тулх, буурь байжээ. Тиймээс ч тэрбээр удаан шаардуулалгүй, бас шалчигнаж, албан тушаалаас зууралдалгүйгээр ажлаа өгсөн. “Бид ямар ч өндөр албан тушаалд очихгүй ээ, зөвхөн шударга ёсны төлөө дуугарч байна” гэсэн өнөөх хүмүүсээс Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ХЭГ-ын дарга, удалгүй МАНын дарга, Ерөнхий сайд болов. Х.Нямбаатар нь ХЗДХ-ийн сайд, эдүгээ хотын дарга хийж буй. Яг тэр үеэс л экс Ерөнхий сайд багаа бүрдүүлж, хүрээллээ үүсгээд эхэлсэн байж.
2024 онд МАН олонх болсны дараанаас Л.Оюун-Эрдэнийн “оргил үе” тохиосон юм. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан учраас намын жагсаалтдаа тэрбээр салбар бүрийн төлөөлөл, боловсролтой, улс төрөөс хол явсан залуусыг голдуу багтааж, үүгээрээ пи ар хийсэн. Парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Тэдний 39 нь МАН-ынх. Улмаар хүрээллээ 1980-аад оны голдуу шинэ гишүүдээр нэмэв. А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Мандхай, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар нарын жагсаалтаар сонгогдсон гишүүн болон тойргоос гарч ирсэн Э.Болормаа, О.Батнайрамдал нарын залуу МАН доторх 1980-аад оны бүлэглэлийн талд идэвхтэй ажиллаж буйг бид Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал сөхөгдсөнөөс эхлээд өнөөдөр МАНын даргын сонгууль, түүний дараах улс төрөөс тод харж байна. Эрх баригч намаас жагсаалтаар 18 гишүүн сонгогдсон. Тэднээс цөөнгүй нь ийнхүү Л.Оюун-Эрдэнэ, түүний найз УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын төлөө дуугарч, “амиа үл хайрлан” зүтгэж буй. Үүнээс үүдэн “Жагсаалтын гишүүд барьцаанд орсон” гэсэн мэдээлэл тарав. Жагсаалтад урдуур эрэмбэлж, УИХ-ын өндөр босгыг зовохгүй алхуулж өгсний хариуд даргынхаа төлөө бүхнээ зориулах амлалт өгсөн байхыг ч үгүйсгэхгүй. Өөр эрх ашгийн олон барьцаа ч байж мэднэ.
БУСАД НАМЫГ Ч ӨӨРТӨӨ ЗҮТГҮҮЛЭХ ТАКТИК
УИХ-ын даргатай өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатарыг Б.Энхбаяр “хамгаалж” байна. Хэдхэн жилийн өмнө энэ хоёр эрхэм талцан маргаж байсан ч өнөөдрийн тухайд эрх ашиг нь тэднийг нэгтгэжээ. МАН-ын даргын төлөө өрсөлдөн сонгогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хэрэг болон хүний амь настай холбоотой тухай ноцтой мэдээллийг Б.Энхбаяр гишүүн задалсан билээ. Түүнийг Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаар томилоод буй. Мөн баримтгүйгээр УИХ-ын даргыг гүтгэсэн хэмээн түү-нийг намаас хөөх шийдвэрийг Б.Баярбаатар даргатай МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос нь гаргасан. Энэ явдал Б.Энхбаяртай санаа нэгдэж, Г.Занданшатарын талд орсон бусад гишүүнийг ил гаргасан билээ. М.Бадамсүрэн, Д.Энхтүв¬шин, Б.Хэрлэн, З.Мэндсайхан Б.Заяабал, Л.Соронзонболд нарын гишүүн ХЕХ-г шийдвэрээ эргэж харахгүй бол намаасаа гарна гэж мэдэгдсэн. Д.Энхтүвшин, Б.Хэрлэн нар МАН-ын жагсаалтаар сонгогдсон юм. Тэгэхээр жагсаалтын гишүүд бүгд бүлэглэлийнхээ даргын барьцаанд орчхоогүй байх нь. Д.Энхтүвшингийн тухайд 2025 оны улсын төсвийн төслийг шүүмжлэхээс эхлэн Л.Оюун-Эрдэнийг сөрж дуугарч буй МАН доторх “сөрөг хүчин” гэхэд болно.
Нөгөө талаар шинэ парламент МАН-аас гадна АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвслээс бүрдсэн. Тэгвэл Ерөнхий сайд асан тухайн цаг үедээ АН, ХҮН намынхныг Засгийн газартаа нэгтгэсэн. Нэг нь олон жил “лааз өшиглөсөн”, нөгөө нь хэзээ ч төрийн эрх барилцаж үзээгүй учраас эрх мэдэл, албан тушаалыг дуртайяа сонгосон юм. Ингэхдээ тэд Засгийн газарт хяналт тавих, нийт ард түмнийг төлөөлөх үүргээрээ “барьцаа” тавьсан байж. Учир нь Засгийн газраас оруулж ирсэн ямар ч хуулийн төслийг УИХ-аар нүдээ аниад дэмждэг болсон. Түүхэнд хамгийн их зарлага бүхий, үрэлгэн 2025 оны төсвийн төслийг ч хэл үггүй баталсан. Уг төсвийн төслийг шүүмжилсэн Ж.Баярмаа, ард иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулахын оронд татвар нэмэн туйлдуулж, олон улсад ардчилал, авлигын индексээр Монгол Улсыг ухруулж буйд нь хариуцлага тооцох санаачилга гаргасан Ч.Лодойсамбуу нарын гишүүндээ ха¬риуцлага тооцно хэмээн тухайн үеийн АН-ын дарга Л.Гантөмөр яриад зогсож байсан билээ. Ингэтэл л “атгаж” чадсан хэрэг. Мөн хэдийгээр Засгийн газарт багтаагүй, сөрөг хүчний байр сууринд үлдсэн ИЗНН, Үндэсний эвслийнхэн ч сөрж дуугарч “зүрхлээгүй” юм. Тэдэнд ч бас Ерөнхий сайд асан “бялуу” хүртээсэн тухай ярьдаг. Тиймээс ч ИЗНН-ын жагсаалтаар сонгогдсон гишүүн М.Нарантуяа-Нара түүний үнэнч тролл болж хувирсан. Тэрбээр өнгөрсөн онд 2025 оны төсвийг хэлэлцэх үеэс л ийм “ажил”-тай болсон юм. Ч.Номин сайдын өсвөр насны хүүхдүүдэд олгох 18.3 тэрбум төгрөгийн эрхийн бичгийг дэмжихээс эл шинэ ажлын “гараа”-гаа эхэлсэн гэхэд болно. Олон дагагчтай, хэл ам, хэрүүл тэмцэлтэй учраас Наратай үг сө рөхөөс гишүүд тээршаадаг. Ийм “давуу тал”-аа ашиглан тэрбээр нийгмийн сүлжээнд троллын үүргээ сайн гүйцэтгэж байна гэхэд болно.
Парламентыг нэг цул болгон, аясаараа хөдөлгөж явсан Л.Оюун-Эрдэнийн эл түүх саяхных. Сөрж дуугарсан нэр бүхий цөөхөн гишүүнийг нийгмийн сүлжээ, зарим тролл сайт ашиглан харлуулж, байх суух газаргүй болгосон. Өөрийг нь огцруулах жагсаал хийвэл сөргүүлээд жагсдаг, ард түмнээ ч хуваан талцуулдаг Ерөнхий сайд болж хувирсан байлаа. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл, Төрийн ордон дотор ч түүнийг өмгөөлөн, “амиа өгөх”-өөс буцахгүй хамгаалах тролл арми бий болсон нь энэ.
Ийнхүү Төрийн ордон дахь тролл армийг тэрбээр бойжуулжээ. Л.Оюун-Эрдэнэ өөрөө албан тушаалтай “үхэн хатан” зууралдаж, түүнийг Төрийн тэргүүний оролцоотой арай гэж огцруулсан. Хэдийгээр Ерөнхий сайдаас нь огц¬руулсан ч наяад оныхны бүлэглэлээ удирдсан хэвээр, Д.Амарбаясгалангаар дамжуулан улс төрд оролцсоор байгаа юм. Бас үлдээсэн “гаж соёл”-ынх нь нөлөө өнөөдөр МАН, цаашлаад хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг талцуулж, төрийн зовлон болж хувираад байна. Тролл ажиллуулахаас гадна хар пиар хийх талаар түүний үлдээсэн замаар МАН-ын даргын сонгуульд өрсөлдсөн хоёр нь эдүгээ алхаж, хоорондоо талцан, дунд нь төрийн ажлыг гацаах болов.
УИХ-ын гишүүд уг нь өргөсөн тангаргаа санаж, нийт ард түмний төлөө, тэдний амьдралд тулгамдсан асуудлыг шийдэх бодлого боловсруулж, хууль батлуулах гэж л ажиллах ёстой. Харамсалтай нь, үндсэн үүргээ умартаж, нам, бүлэглэлийн төлөө амьдардаг, тэндээс тэжээгддэг улс төрчид бий болсон байна. УИХыг мэргэшсэн, чанартай болгохын тулд тоог нь нэмсэн. Гэвч үнэндээ улам л ёс зүйгүй, чанаргүй, жудаггүй, дарга, бүлэглэлийн төлөө ил тод зүтгэдэг, “хумигдмал” сэтгэхүйтэй улс төрчдөөр энэ парламент дүүрчээ. Тэднийг мартахгүй санаж байгаад ирэх сонгуулиар сонгохгүй байх л нэг арга бидэнд үлдэв. Харин холимог тогтолцоо хэвээр байгаа цагт жагсаалтын ард нуугдсан үнэнч зүтгэгч, тролл армийнхан сонгогдсоор байх нь харамсалтай.