- Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өнөөдөр өргөн барина –
МАН-ынхны талцал хэмээх “цуврал” үргэлжилсээр тө¬рөөр тоглох хэмжээнд тулжээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн бланк дээр Засгийн газрыг огцруулах тогтоол боловсруулж, үүнд нь 45 хүн гарын үсэг зурсан тухай мэдээлэл уржигдар оройноос сайтуудаар түгсэн юм. Эл тогтоолыг өчигдөр өргөн барина гэсэн хүлээлт байсан ч тэгсэнгүй. Үнэндээ 45 байтугай Үндсэн хуульд заасан 32 гишүүний саналын “босго”-нд ч хүрээгүй байсан бололтой. Тэрбээр өчигдөржин УИХ-ын гишүүдтэй уулзаж, гарын үсэг цуглуулсаар үдээс хойш мэдээлэл хийсэн юм. “Одоогоор 40-өөд хүн гарын үсэг зурсан. Манай намаас 32-33, АН, ХҮН намаас бас бий” гэлээ. Яг хэн хэн гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар дэмжсэнийг асуухад “нууцлав”. Жагсаалтаа ч харуулсангүй. Тэрбээр “ажлаа дуусгаад” огцруулах тогтоолыг өнөөдөр УИХ-д өргөн барих гэнэ. Үүнтэй зэрэгцэн нэг гарын үсгийг 100 сая төгрөгөөр худалдаж авч байгаа тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тарсан юм.
УИХ-ын даргыг нүүрсний хэрэгт холбоотой нь үнэн хэмээн мэдэгдэл хийхдээ л Ерөнхий сайд Г.Занданшатар ийм хариу ирэхийг тооцсон биз ээ. Тиймээс зөрүүлээд Д.Амарбаясгаланг огцруулах акц өрнүүлэх тухай ярьж байна. Ингээд МАН-ын “зодоон”-оос болж Монгол Улс хууль тогтоох ч, гүйцэтгэх ч засаглалгүй болох эрсдэл нүүрлэв.
ХҮСЭЛ БАЙВАЛ ИРЦ БҮРДЭНЭ
Үндсэн хуулийн 43.1-т “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал парламент гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” хэмээн заасан байдаг. Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох санаачилгыг гишүүн Ч.Лодойсамбуу гаргаж, гарын үсэг цуглуулж байсныг эргэн нэг саная. Дөрвөн жил гаруйн хугацаанд Ерөнхий сайд хийхдээ хангалттай ажиллаагүй, эсрэгээр олон улсад авлига, ардчиллын индексээр ухарсан, эдийн засаг цаасан дээр л өссөнөөс биш, иргэдийн амьдралд наалдаагүй. Татварыг улам бүр нэмж, иргэд, аж ахуйн нэгжүүдээ туйлдуулан, өрнөөс өрний хооронд амьдруулж буйд нь хариуцлага тооцож, огцруулахыг гишүүн Ч.Лодойсамбуу хүссэн юм. Энэ бол гүйцэтгэх засаглалд парламентын зүгээс тавих зүй ёсны шаардлага байв. Гэвч уг тогтоолд түүнээс гадна Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар л нэгдсэн. Тухайн үед экс Ерөнхий сайд парламентыг хэдийн хайрцаглачихсан байсан тул эсрэг дуугарах хүн олдоогүй. АН, ХҮН намынхан Засгийн газарт багтаж, эрх мэдлээр амаа үдүүлчихсэн байлаа.
Тэгвэл 1980-аад оны бүлэглэлийнхэн эдүгээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагахаар ажиллаж байна. Байгуулагдаад 100 гаруй хонож буй Засгийн газраас ажлын тоймтой үр дүн нэхэх хэцүү. Тиймээс энэ удаа ажил хэрэгч шалтгаан гэхээс илүү эрх ашиг, албан тушаал, нам доторх бүлэглэлийн зөрчлөөс үүдэн Засгийн газрыг огцруулах гэж буй нь нууц биш.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг хоёр үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж үзжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар парламентын эрх ашигт халдсан үйлдэл гаргаж, Үндсэн хууль зөрчсөн, мөн эдийн засаг хүндэрч, дефолт зарлах хэмжээнд хүрсэн, төрийн сан ч хоосорсон. Үүний буруутан нь Г.Занданшатар, тиймээс түүнийг огцруулах нь зөв гэсэн юм. Өмнөх Засгийн газрын ажлын “үр дүн” одоо ч үргэлжилж буйг тэр мартсан бололтой. Юутай ч тэрбээр огцруулах тогтоол өргөн барих санаачилгаа баасан гарагт гаргаж, амралтын өдрүүдээр гишүүдтэй уулзсан гэнэ. Гэвч бүгдтэй нь ярилцаж амжаагүй, өчигдөр үргэлжлүүлснээ учирлав. Нэг л тийм тэвдсэн байдалтай, санаагаа мартахгүйн тулд тэмдэглэснээ ярьж байлаа.
Тэгвэл түүний араас Сангийн сайд Б.Жавхлан тайлбар хийв. МАН-ынхан Төрийн ордон дотор эсрэг, тэсрэг мэдэгдэл хийдэг “уламжлал” сүүлийн үед тогтоод байгаа. Сангийн сайд “Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн байгаа. Төсвийн тодотголын дараах дүнгээр шат шатны төрийн байгууллагууд бүрэн санхүүжилт аваад явж буй. Эрсдэлд орсон юм огт байхгүй. Мөн манай эдийн засаг дефолт зарлаагүй. ОУВСгаас тогтоосон үнэлгээгээр В+ буюу өнгөрсөн жилийнхтэй ижил, тогтвортой түвшинд байгаа. Ийм байхад нэг улс төрч гарч ирээд цээжний пангаар яриад байж болохгүй” гэв.
Ерөнхий сайдад хариуцлага тооцохын тулд нийт гишүүний дөрөвний нэг буюу 32 хүн дэмжсэн байх ёстой. Эл “босго”-доо хүрсэн ч өөр бас хүмүүс дэмжиж байж магад, тэдэнд нэгдэх боломж олгоно гэж П.Сайнзориг гишүүн ярьсан нь ч нэг л үнэмшилгүй сонсогдсон. Гэхдээ тэдний талынхан 32, 64 гэсэн хоёр “босго” давах ёстой. Огцруулах асуудлыг хэлэлцэхийн тулд дээрх тооны хүн дэмжсэн байхад болно. Харин огцруулж шийдвэрлэхийн тулд нийт гишүүний олонх буюу 64 хүнийг “элсүүлэх” учиртай. Тэгэхээр магад эхний “босго”-оо давсан ч хоёр дахийнх нь ирц бүрдээгүй учраас “эрэл”-ээ үргэлжлүүлээд удсан байж мэдэх. Ямар ч байсан Д.Амарбаясгалангийнханд бусад нам, эвслийн дэмжлэг хэрэгтэй. ХҮН намын Т.Доржханд эрх мэдлээ хамгаалж, сайд хэвээр үлдэхийг хүсэх тул эсрэг товчлуур дарахгүй, бусад долоогоороо ч дэмжүүлэхгүй биз. Үндэсний эвсэл болон ИЗНН-ынхан дэмжээд ч нийт гишүүний олонх бүрдэхгүй. Тэгэхээр хүссэн ч, хүсээгүй ч АНынхнаас хамаарах болоод буй юм. Л.ОюунЭрдэнийг огцруулах гэхэд олдоогүй 32 гишүүн, өнөөх өндөр “босго” нь эрх ашиг, хүсэл байвал тийм ч хэцүү биш аж.
УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ
Г.Занданшатарын талаас энэ бүхний хариуд УИХ-ын даргыг огцруулах алхам хийнэ. Гэхдээ Д.Амарбаясгаланг огцруулах нь түүнийг “авч хаях”-аас илүү төвөгтэй. УИХ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд спикерийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгаж, чөлөөлөх, огцруулах асуудлыг зохицуулсан байна. Тодруулбал, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, Үндсэн хуулийн цэцээс огцруулах үндэслэлтэй гэж үзсэнийг УИХ хүлээн зөвшөөрсөн нөхцөлд огцруулж болно. Мөн уг хуулийн 12.2.3 дахь “Парламентын нийт гишүүний олонх УИХын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг хүлээн зөвшөөрсөн” нөхцөлд огцруулж болох нь. Эхний гурван хувилбар нөхцөл байдалд хамаарахгүй. Тиймээс сүүлийн үндэслэлийг барьж авна гэсэн үг. Хэрэв энэ талаар албан ёсоор асуудал оруулж ирвэл Төрийн байгуулалтын байнгын хороогоор эхлээд хэлэлцэнэ, дараа нь тэдний дүгнэлтийг үндэслэн нэгдсэн чуулганаар илээр санал хурааж, хуралдаанд оролцогч гишүүдийн олонхын саналаар шийдэх юм байна. 64 гишүүн УИХ-ын даргыг огцруулахыг дэмжих ёстой. Үүнийг оруулчихвал дараагийн алхам нь учиртай. Өөрөөр хэлбэл, нийт гишүүний бус, хуралдаанд оролцсон хүмүүсийн олонхын саналаар огцруулна.
Өмнө нь л 2019 онд “шударга тав”-ын шаардлагаар МАН-ынхан УИХ-ын даргын суудлаас М.Энхболдыг огцруулж байсан туршлага бас бий.
Э.БАТ-ҮҮЛ: ОГЦРУУЛАХ САНАЛЫГ БҮГДИЙГ НЬ ДЭМЖ
Улсын баатар Э.Бат-Үүл цахим хуудсандаа “АН-ын дарга О.Цогтгэрэл сөрөг хүчин гэдгээ санах хэрэгтэй. МАН-ынхан бие биеэ унагахаар оруулж ирж байгаа бүх асуудлыг дэмж. Д.Амарбаясгаланг унагах гэж буй бол шууд товчлуур дар. Г.Занданшатарыг огцруулах бол мөн дэмж. МАН-ыг “эмчлэх” гэж тэнэгтэв ээ” гэжээ. Хоорондын талцлаа төрийн хямрал болгож буй ийм намыг өмгөөлөх шаардлага АН-д үгүй. Тиймээс ч ийнхүү зөвлөсөн байна.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулахтай холбоотой зүйл яриагүй хэмээн О.Цогтгэрэл дарга нь мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдээр АН-ынхан тусдаа уулзаж, энэ талаар зөвлөлдсөн тухай сайтууд мэдээлжээ. Улмаар АН-ын бүлгийн 42 гишүүнээс О.Цогтгэрэл тэргүүтэй гурван хүн Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй, бусад нь зөвшөөрсөн сурагтай. Гурван хүн дэмжихгүй байж болох ч 39 гишүүн МАН-ын 1980-аад оны бүлэглэлтэй хүч хавсрахад Г.Занданшатарыг огцруулж дөнгөнө. Мөн П.Сайнзориг гишүүний мэдэгдсэнээр АН-аас нэр бүхий гишүүд тогтоолын төсөлд нь гарын үсэг зурсан бололтой.
УИХ бол хууль тогтоох засаглал. Тиймээс Засгийн газраас ялгаатай. Ерөнхий сайд огцроход гүйцэтгэх засаглал танхимаараа огцордог бол УИХ-ын дарга солигдоход түүний орны хүнийг сонгоод л ажлаа үргэлжлүүлж болно. Мөн асуудлыг ингэж хүндрүүлэхгүйн тулд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ажлаа өгөөд шалгуулчих боломж бий. Улс төрчдийн зүгээс, АН-ын бүлгээс ч ийнхүү шаардаж буй. Гэвч түүнд ийм зориг дутав. Ямартай ч Засгийн газар, УИХ-ын дарга огцорвол улс орны ажил тэр хэрээр хойшилно. Улсын төсвийг хугацаанд нь батлахад ч эрсдэл үүсэх юм. Эрх баригч намынхан талцахад хор уршгийг нь ийнхүү улсаараа үүрдэг ажээ.