- Ирц бүрдээгүй тул нэгдсэн чуулган хуралдсангүй –
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өчигдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж оролдов. Гэвч 19.30 цагийн байдлаар ирц бүрдсэнгүй. Тэр болтол олон хувиралтай үйл яв¬дал болж өнгөрсөн юм. Эрх ашигт нь нийцэхгүй бол аливаа хуралдааныг “Ажлын цаг дууссан” нэрээр дуус¬гадаг улс төрчид өчигдөр 18.00 цаг өнгөрсөн ч асуудлаа хэлэлцэнэ хэмээн “гүрийсээр” байлаа.
Ерөнхий сайдыг огцруулах гэж 1980-аад оныхны бүлэглэл олон арга хэрэглэсэн ч бүтэлгүйтэж, үнэнд гүйцэгдэх нь тэр. Учир нь 17.00 цаг өнгөрч байхад УИХын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгч буйгаа мэдэгдсэн юм. Тэгмэгц Төрийн байгуулалтын байнгын хороо “гялс” хуралдаад, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг чуулганаар хамтад нь хэлэлцэхээр шуурхайллаа. Хурал даргалагч Х.Булгантуяа гишүүн “Улс орны чухал асуудал хэлэлцэх гэж байхад ядарлаа гэсэн шалтаг байхгүй. Хуралдана” хэмээгээд нэрсийг дуудаж, ирцээ бүрдүүлэхээр үргэлжлүүлсэн. Өчигдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэе.
“ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛЪЯ, ГЭХДЭЭ АВЧ ҮЛДЬЕ”
09.00 цаг. Ийм логикгүй явдал Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр болов. Тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байсан Төрийн байгуулалтын байнгын хороо ийнхүү хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, эсэхээр санал хураалаа. Түүнийг огцруулах саналд гарын үсэг зурсан бүх гишүүн “Огцруулахгүй” гэсэн санал өгч гайхашруулсан юм. Гэхдээ тэд бодлоо биш, арга залиа өөрчилсөн хэрэг л байж.
Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу нийт гишүүний олонхын буюу 64-өөс дээш хүн дэмжиж байж Ерөнхий сайдыг огцруулах ёстой. Гэвч Д.Амарбаясгалангийн талынханд ийм саналын дэмжлэг байхгүй. Тиймээс тэд эхлээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг “Ирц бүрдсэнгүй” гэдэг шалтгаанаар хойшлуулсан. Ингээд МАНын бүлгийн хуучин дарга Ж.Бат-Эрдэнээр дамжуулан талуудад зөвшилцөх, огцруулах бичгүүдээ татах санал тавьсан юм. Гэвч Г.Занданшатарын талынхан хүлээж аваагүй. Тиймээс өчигдрийн байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайдыг “хамгаалж” үлдээд, эл санал дүгнэлтэд үндэслэн нэгдсэн чуулган дээр зорилгоо гүйцэлдүүлэх арга бодож олсон аж. Нийт гишүүний олонхын саналыг тэд авч хүчрэхгүй учраас Үндсэн хууль, УИХын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэрхэн хэлэлцэн шийдэх заалтыг үл тоож, энгийн хуулийн төсөл хэлэлцдэг шиг “аргалах” гэж зүтгэсэн байна.
10.40 цаг. Засгийн газрын гурван сайд мэдээлэл хийв.
С.Бямбацогт (Засгийн газрын ХЭГ-ын дарга): -Одоо нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг Үндсэн хууль зөрчиж ярих гэж байна. Үндсэн хуулийн 43.1, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.2-т заасны дагуу асуудлыг шийдэх ёстой. “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү” гэсэн томьёоллоор санал хураах нь хуульд нийцнэ. Бусад ердийн хуулийг бол байнгын хорооны саналыг үндэслэн чуулганаар хэлэлцдэг. Гэтэл ердийн хуультай ижил байдлаар хэлэлцэж, “Огцруулахыг дэмжихгүй” гэсэн саналыг дэмжих байдлаар санал хураах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Х.Булгантуяа дарга Улсын Их хурлын тухай хуулийн 13.1.1-ийн “Парламентын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах” хэмээн заасныг зөрчсөн үндэслэлээр гишүүнээсээ эгүүлэн татагдахад хүрнэ. Ийм байдлаар тогтоол баталбал Ерөнхийлөгч хориг тавих үндэслэл ч болно. Тиймээс Үндсэн хуулийн 43.1, Дэгийн тухай хуулийн 101- т зааснаар л саналаа хураах ёстой. Тэгэхгүй бол хууль зөрчсөн хуралдаанд МАН-ын 38 гишүүн оролцохгүй.
Б.Жавхлан (Сангийн сайд): -УИХ-аар Үндсэн хууль зөрчүүлэх зам руу явж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг Үндсэн хуульд заасан тусгай дэгээр хэлэлцдэг. Үүний дагуу “Засгийн газрыг огцруулахыг дэмжих үү” гэдэг томъёоллоор санал хураах хүртэл бид чуулганы ирцээ бүртгүүлэхгүй гэдгээ мэдэгдэж байна.
Н.Учрал (Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд): -Засгийн газрыг огцруулъя гэж байсан гишүүд сая байнгын хорооны хурлын үеэр гэнэт “хайр зарлаж”, бүгд эсрэг санал өглөө. Одоо дэмжээгүй саналыг дэмжихээр санал хурааж, тэр нь 64 хүний “босго”-нд хүрэхгүй бол Засгийн газар огцорсонд тооцох нь. Заль мэх хэрэглэж байна. Ингэвэл ирцээ бүртгүүлээгүй, эзгүй хүмүүсийг “тооцохгүй”, 50+1 нь дэмжихэд болно гэсэн үг. Үндсэн хуулийн бус замаар Засгийн газрыг огцруулахтай эвлэрэхгүй. Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгай, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцээд эхэлмэгц эдийн засаг дефолт зарласан, валютын нөөц дууссан гэх мэтээр худал мэдээлэл цацаж, дэлхийд эх орноо шившиглэж байна. Дотроо улс төр хийхдээ эх орноо хайрлах хэрэгтэй. Тэд үүссэн нөхцөл байдалдаа тохируулаад увайгүй үйлдэл хийх гэж байна. Хуулийн дагуу томьёоллоор асуудлыг хэлэлц, тэгвэл бид оролцоно. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир өчигдөр “Ийгл” телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн зүйлийг хараарай. Өдөр бүр өөр юм ярьж байна.
11.00 цаг. УИХ-ын чуулганыг дэд дарга Х.Булгантуяа удирдаж, гишүүдийн ирцийг дуудаж байв. Танхимд 48 хүн ирсэн, ирц хүрэхгүй байсан тул тэрбээр нэрийн дарааллаар, сонгогдсон тойргоор, нам, эвслээр нь ялгаж, янз бүрээр дуудав. УИХ-ын чуулгандаа оролцож, ирцээ бүртгүүлээд байр сууриа илэрхийл, хүссэнээрээ саналаа өг гэж ухуулж байлаа.
11.40 цаг. МАН-ын 38 гишүүний төлөөлөл чуулганы танхимд орж ирж, УИХ-ын даргын индрийн урд зогсов. Тэднийг төлөөлж бүлгийн шинэ дарга Ж.Батжаргал шаардах бичгээ Х.Булгантуяад гардуулахдаа “Үндсэн хууль зөрчиж буй учраас хуралдаанд суухгүй” гэдгээ илэрхийлжээ.
ҮНДСЭН ХУУЛИАС: 43.1 УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал парламент гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИАС: 101 дүгээр зүйл. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх 101.1 Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. 101.2 Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна. 101.3 Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна. 101.4 УИХ-ын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
Х.БУЛГАНТУЯА: ӨМНӨ НЬ ГУРВАН ЕРӨНХИЙ САЙДЫГ БАЙНГЫН ХОРООНЫ ДҮГНЭЛТЭД ҮНДЭСЛЭН ОГЦРУУЛСАН

11.42 цаг. Х.Булгантуяа: -Гишүүд чуулганы танхимд орж ирсэн ч ирцээ бүртгүүлсэнгүй. Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Ж.Батжаргал гишүүн та тодорхойлохгүй. Үүнийг зөвхөн Цэц тогтоодог юм. Гадаа жагсаж буй багш, эмч нар, ахмадуудын асуудал та нарт хамаагүй юм байна л даа. Та нар ирцээ бүртгүүлсний дараа байр сууриа илэрхийлэх ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй. Гэтэл сайд нар ирцээр бойкотолж байна. Байнгын хорооны энэ саналыг дэмжих, үгүйгээр гишүүд өөрийн саналаа өгөх бүрэн эрхтэй. Энэ бол Үндсэн хуулиар заасан хугацаатай асуудал шүү. Мөн 2026 оны төсвийг ирэх сарын 15-ны дотор батлах ёстой.
12.20 цаг. -УИХ-ын Тамгын газраас өмнө нь ийм тохиолдол байсан учраас яг адил томьёоллоор санал хураах ёстой гэсэн. Архиваас материал авч, тухайн үеийн протоколоос уншиж танилцуулъя. 2017 оны есдүгээр сарын 7-нд УИХ-ын даргаар М.Энхболд ажиллаж байх үед Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал хэлэлцсэн. Энэ үед УИХ-ын дарга “Төрийн байгуулалтын байнгын хороо “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй” гэж үзсэнийг дэмжихээр санал хураая. 31 гишүүн дэмжиж байнгын хорооны саналыг дэмжсэнгүй” гэсэн байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд З.Энхболд УИХ-ын дарга байхад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг оцруулахад мөн байнгын хорооны саналыг үндэслэн шийдвэр гаргасан. 2021 оны нэгдүгээр сарын 21-нд Г.Занданшатар дарга УИХ-ын дарга байхдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэх үед мөн л байнгын хорооны саналыг үндэслэсэн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр заалт тухайн үед 99 дүгээр заалт байсан. Үг, үсэггүй яг адилхан байна. “Нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна” гэжээ. Яг л өнөөдрийн нөхцөл байдлыг өмнө нь гурван удаа ингэж шийдсэн байна. Тэгэхээр эдгээр УИХ-ын дарга хууль зөрчсөн гэсэн үг үү. Сая зарим сайд намайг хууль зөрчлөө, Цэцэд дуудагдана, шоронд орно гэж дарамталлаа. Хууль олон сонгогдсон УИХ-ын дарга нарт нэг өөр, надад нэг өөрөөр үйлчилнэ гэж бодохгүй байна. Өмнөх чуулганд яг ийм томьёоллоор санал хураахад оролцож байсан гишүүд ч энд сууж байна. Тэгэхээр тэр үед бүгдээрээ хууль зөрчсөн гэсэн үг үү. Тиймээс гишүүд чуулгандаа ирж, ирцээ бүртгүүл. Айгаад байгаа хэрэг үү. Ийм их дарамттай байгаа юм уу.
Энэ мэтээр тэрбээр ирцээ бүртгүүлэхийг шаардсан ч бусад нь орж ирээгүй тул үдээс өмнөх чуулганыг 13.00 цагт завсарлуулсан юм. Тэгэхээр хууль өөрчилснийг “мэдэх”-ийг хүсэхгүй байгаа бололтой. Ийнхүү үдээс өмнөх чуулганд 48 хүн ирж, 38 хувийн ирцтэйгээр бусдыгаа хүлээсээр завсарлав. Уг хуралд АНаас О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Л.Гантөмөр, Э.Одбаяр, ХҮН намаас гурван эмэгтэй нь буюу Г.Уянгахишиг, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Үндэсний эвсэл бүрэлдэхүүнээрээ, ИЗНН-аас М.Нарантуяа-Нара иржээ. Амаржаад хэдхэн хонож буй ч ийнхүү биеэ үл чухалчлан ирснийг нь зарим хүн сайшаав. Гэхдээ тийм л чухал эрх ашиг түүнд байна гэсэн үг, учир нь МАН-ын хоёр талынханд “товчлуур” бүхэн чухал байгаа.
О.ЦОГТГЭРЭЛ: ХОЁУЛАНГ НЬ ОГЦРУУЛАХ УЛС ТӨРИЙН ШИЙДВЭРИЙГ АН ГАРГАЛАА
12.20 цаг. О.Цогтгэрэл (АН-ын дарга, УИХ-ын гишүүн): -Монгол Улс эмх замбараагүй байдал, Үндсэн хуулийн хямралын босгонд тулж ирлээ. Ийм хямралд орох, эсэх нь өдрөөр биш, цагаар тоологдож байна. Хаанаас, яагаад ийм нөхцөл байдал үүсэв. Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас гаргах уриатай МАН-ынхан олон жил завсаргүй төр бариад эсрэгээр нь болгож байна. АН бол хүлээцтэй байж зарчмын байр сууриа тодорхой илэрхийлж, шаардлага тавьж ирсэн. Одоо парламентын засаглалын асуудлыг ч ярихад хүрч байна. Үүнийг санаатайгаар, зохион байгуулалттайгаар хийж буй хэсэг байна. Манай бүлэг чуулганаас завсарлага авч, хуралдана. Зохиомлоор хямрал руу түлхэж буй учраас УИХын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хамтад нь ярих ёстой. УИХ-ын даргыг огцруулах тухай тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх асуудлын дараалалд оруулах хэрэгтэй.
Х.Тэмүүжин: -Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг өмнө нь байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн шийдсэн гээд хоёр стандарт яриад байна. Тийм бол буруу, зөвөө одоо шийдээд, цаашаа явах ёстой. Ерөнхий сайдыг огцруулахад ямар нэг байнгын хорооны шийдвэрт баригдах ёсгүй. Үндсэн хуульд “Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулна” л гэж бий. Танилцсаны дараа хэрхэн шийдэх нь нэгдсэн чуулганы мэдэх асуудал.
Б.Энхбаяр: -Х.Булгантуяа 2019 оноос өмнөх Үндсэн хуулийн эрх зүйн орчноор санал хураалгах гэж чичирч байна. Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлыг 2019 онд Үндсэн хуульд маш тодорхой хуульчилсан. Үндсэн хууль зөрчиж санал хураалт явуулбал Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нар эгүүлэн татагдана.
Н.Номтойбаяр: -Миний бие сайдаар ажи묬лаж байсан Засгийн газрыг огцруулах асуудлыг 2017 оны есдүгээр сарын 7-нд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн юм. Тэр үед байнгын хороо “Засгийн газрыг огцруулахгүй” гэсэн. Чуулган дээр байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих томь¬ёоллоор санал хурааж, дэмжигдээгүй учраас Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж байсан. Хуулийн энэ зохицуулалт, дэг яг хэвээр байгаа. Үүн дээр гайхаад, Үндсэн хуулийн зөрчил гэх хэрэггүй.
Мөн нэг төрийн бус байгууллагын дүрэм хэрэгжээгүйгээс төрийн хямрал болсон. МАНын даргын сонгуульд ялагдсан тал нь хүлээн зөвшөөрөөгүй. Энэ бүхэн нь явсаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, УИХ-ын, бүр Үндсэн хуулийн зөрчилд хөтөллөө. Хар дээр цагаанаар бичигдсэн хууль дүрэм байхад өөрийнхөөрөө тайлбарлах хэрэггүй юм.
14.00 цаг. Нэгдсэн чуулган дахин хуралдахаар оролдов. Гэвч нөгөө талынхан байр сууриа өөрчлөөгүй учраас ирц бүрдсэнгүй.
15.50 цаг. УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаад гаргасан шийдвэрээ мэдээлэв. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Хуралдаанд 34 гишүүн оролцож, 33 хүний саналаар улс төрийн хоёр шийдвэр гаргалаа. Юуны өмнө чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг огцруулах асуудлыг нэг өдөр, дараалан оруулсан нөхцөлд аль алийг нь огцруулахыг АНын бүлэг дэмжинэ. Мөн олонхын дэмжлэггүй болсон УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тов, дараалалд оруулахгүй бол АН-ын бүлгийнхэн эдгээр асуудлаар чуулганы хуралдаанд оролцохгүй гэж шийдлээ. Олонхоор гаргасан улс төрийн шийдвэрийг АН-ын бүлгийн гишүүд дагаж мөрдөх үүрэгтэй. Үгүй бол бүлгийн дүрмийн дагуу хариуцлага тооцно” гэв. Зохион байгуулалттайгаар Үндсэн хуулийн хямрал руу оруулж буй учраас ардчилал, парламентат ёсныхоо талд зогсож, ийм шийдвэр гаргасан хэмээн тэрбээр тодотгосон юм. Улмаар “Одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, тов дараалалд Д.Амарбаясгаланг огцруулах саналыг оруулах ёстой. Хамтад нь шийдэх хангалттай хугацаа бий” гэлээ.
Д.АМАРБАЯСГАЛАН: ИЙМ ҮЕД НАДАД АЛБАН ТУШААЛТАЙ ЗУУРАЛДАХ ЭРХ, ЁС ЗҮЙ АЛГА
17.40 цаг. Д.Амарбаясгалан: -Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж, төрийн аж¬лыг гацаахгүй, Үндсэн хуулийн хямралд оруу¬лахгүйн тулд хувийн шийдвэр гаргаж, УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна. Миний хүсэлтийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцээд, Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар өнөөдөр хэлэлцэхээр тов, дараалалд орууллаа. Сая байнгын хороо хуралдаж, 100 хувийн саналаар дэмжсэн. Улс төр олон тал, агуулга, өрсөлдөөнтэй. Гэхдээ цэвэр, тунгалаг, шударга байх ёстой учраас өргөдлөө өгч байна. Өнөөдөр Монгол Улс эрх чөлөөт ардчилсан засаглалтай байх уу, эсвэл хэсэг хүн төрийн эрх мэдлийн механизмыг ашиглаж парламентыг барьцаалан, хүч хэрэглэн дарангуйлалд шилжих үү гэдэг салаа замын уулзвар дээр иржээ.
Хүн биш, хууль засагладаг төртэй байхын тулд би МАН-ын даргын сонгуульд өрсөлдсөн. Ингэхдээ ямар том эрх ашгийг сөрж, эр зориг гаргасныг сүүлийн хэдэн өдөр өрнөж буй үйл явдал нотолж байна. Энэ бүхний цаана парламентын засаглал, төрийн институцийг тогтворгүй болгох, ард түмний итгэлийг сулруулж, ардчиллыг үгүй хийн, дарангуйллын хар сүүдэр бий болгох зорилго байсан нь тодорхой боллоо. Өрсөлдөөнд ялагдсан Г.Занданшатар эхлээд намын дүрэм, Бага хурлын шийдвэрийг үгүйсгэсэн бол одоо эрээ цээргүйгээр УИХ-ын тухай хуулийг зөрчиж, гадаадын нэр бүхий хэвлэлд ор үндэсгүй төлбөрт мэдээлэл байршуулж байна. Тэдний цахим орчинд хийж байгаа гүтгэлэг төр засагт ажиллаж буй хэнийг ч итгэж дэмжих боломжгүй болтол хараар будлаа. Өнөөдөр энэ асуудал хил хязгаараа давж, Монгол Улсын тусгаар тогтнол алдагдах аюул нүүрлэж байна. Уг асуудал засаглалын хямралд хүртэл хүндэрч, Засгийн газар нь парламентынхаа дээр гарч буй хууль бус явдал боллоо. Бидний зорьж, бүтээж ирсэн ардчилсан парламентын засаглал цөөн хүний эрх ашгийн явцуу үйлдлээс болж сорилтод орох хүртлээ хэврэг боллоо. Иймээс энэ үед надад албан тушаалтай зууралдан суух эрх, ёс зүй алга” гэсэн юм. Ингээд өөрт нь хандсан мэдээлэл, гүтгэлгийг шалгуулж, нэр төрөө цэвэрлэнэ гэв.
19.05 цаг. Н.Номтойбаяр: -Германы нэг сайтад гарсан мэдээллээс болж УИХ-ын дарга чөлөөлөгдөж буйд харамсаж байна. 50 мянган ам.доллар төлөөд л мэдээлэл гаргахаар түүнийг нь өлгөж аваад улс төр хийдэг. Ерөнхий сайд “Герман бол хууль зөрчдөггүй орон” гэж байна лээ. Би тэнд амьдарч байсан, шүүх, хууль, цагдаа¬гийн байгууллага энэ улсад бий. Хууль зөрчигддөг учраас л эдгээр байгууллага ажиллаж буй шүү дээ. Барууны орнууд бол шударга ёсны ди¬ваажин биш. Нөгөө талдаа хариуцлагатай албан тушаалтан өөрөө өргөдлөө өгч буй нь авууштай. Д.Амарбаясгалан дарга энэ шийдвэрээрээ үүссэн хямралаас гарах үүдийг нээж өглөө.
Мөн АН-ынхан хуралдаад хэн хэнийг нь огцруулах шийдвэр гаргасан гэсэн, сөрөг хүчин ажлаа хийж байна, зөв. Одоо чуулганд АН-ынхныг хүлээгээд байна. Тэд орж ирээд саналаа өгөөд явах хэрэгтэй.
19.30 цаг. Нэгдсэн чуулганыг хуралдуулах “найдвар”-аа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа алдаагүй байв. Ажлын цаг дууссан ч хуралдаанаа хийнэ, УИХ-ын даргын чөлөөлөгдөх өргөдөл болон Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг ярьж, төсвөө үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж байлаа.
Нөхцөл байдал өөрчлөгдөн, АН-ынхны шаардлага биелж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөх, Ерөнхий сайдыг огцруулах хоёр асуудлыг дараалан хэлэлцэх гэсэн ч тэд хуралдаанд орж ирсэнгүй. Нөгөө талд МАН-ын 38 гишүүний тавьсан шаардлагыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүлээж авалгүй “зөрүүдэлсэн” хэвээр байсан учраас тэд ч ирцээ бүртгүүлээгүй юм. Манай сонины дугаар шилжих мөчид чуулганы хуралдааны ирц бүрдээгүй, эхлээгүй хэвээр байлаа.