Монгол Улс түүхэндээ анх удаа нэг өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаа огцруулав. МАН-ын даргын сонгуульд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд өрсөлдсөний, үр дүнгээ хүлээн зөвшөөрч чадаагүйн гайг ийнхүү улс орноороо үүрч байна. 20 хоногийн турш тэдний талцал, тэмцэл, “хор найруулга”-д иргэд, хэвлэл мэдээлэл, төр засаггүй чирэгдсэний эцэст хэн хэн нь төрийн өндөр албан тушаалаас явснаар “МАН-ын талцал” шоуны эхний бүлэг төгсөж байна. Одоо шоуны хоёрдугаар бүлэг үргэлжилнэ. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Үндсэн хууль зөрчиж шийдвэрлэсэн тухайд Г.Занданшатар өөрөө Цэцэд гомдол гаргасан. Тэд ч маргаан үүсгэхээ мэдэгдлээ. МАН-ын 38, АН-ын 30 гаруй, бусад намын 2-3 гишүүн нийлээд “Үндсэн хууль зөрчих нь” хэмээн эсэргүүцэж, шаардлага хүргүүлээд байхад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “гүрий-сээр” байнгын хорооны дүгнэлтэд үндэслэн санал хурааж, Ерөнхий сайдыг огцрууллаа.
Баахан “бантан” хутгасныхаа дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэнэт л шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээр шийдэн, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнийг УИХ ёсоор болгосон нь мэдээж. Одоо улс төр цаашид хэрхэн өрнөх бол.
ИРЦ ТОЙРСОН МАРГААН
Төрийн ордонд олон л “но”-той явдал болж өнгөрлөө. Юуны өмнө ирцтэй холбоотой эргэлзээ гарав. Пүрэв гаргийн өглөөнөөс ажлын цаг дуусах хүртэл чуулганы ирц бүрдээгүй. Гэтэл эхлээгүй хуралдааныг Х.Булгантуяа цаг сунган үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Эхний зөрчил нь энэ. Шөнөжин суусан нь үнэндээ Д.Амарбаясгалангийн талынхны “сайн дураар” хийсэн л үйлдэл байсан гэхэд болно.
Хоёрдугаарт, баасан гараг бол шинэ өдөр, ажил албан ёсоор 09.00 цагаас эхэлдэг. Гэтэл ирцээ шинэчилж бүртгээгүй. Пүрэв гаргийн үдээс өмнөх чуулганд ирж, лайв хийн, МАН-ын 38 гишүүнийг шүүмжлэн хашхичиж байгаад явсан Нара баасан гарагт ч ирцэд бүртгэлтэй хэвээр байсан нь үүний баталгаа. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаантай учраас үүнээс хойш хуралд ирээгүй юм. Энэ мэтээр ирцээ бүртгүүлчихээд үзэгдээгүй хүмүүс автоматаар эсрэг санал өгсөнд тооцогдоно. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураахаар зүтгэсний “ид шид” энд гарсан гэсэн үг. Дэмжээгүйг дэмжихгүй гэвэл Ерөнхий сайд огцорно, дэмжинэ гэвэл үлдэх байлаа. Тиймээс л огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүд бүгд байнгын хорооны хурлаар Г.Занданшатарыг авч үлдэх санал өгсөн байх нь.
Асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх хүртэл УИХ дахь АН-ын бүлгийнхэн улс төрийн нэгдсэн шийдвэрээ зарлаагүй. Гэхдээ тэд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, аль алийг нь огцруулахыг дэмжих улс төрийн шийдвэр гаргасан юм.
Х.БУЛГАНТУЯА: УУЧЛААРАЙ, МИНИЙ ХУВЬД БОЛ МУУХАЙ БАЙЛАА
Ирцийн будилаан үүсгэн байж баасан гарагт нэгдсэн чуулган сая нэг хуралдав. Ерөнхий сайдыг огцруулах, эсэхийг шийдэх хуулийн хугацаа энэ өдрийн 13.00 цагт дуусах байсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг огцруулах асуудлыг нэг өдөр хэлэлцвэл чуулганд оролцоно гэснийхээ дагуу АН-ынхан ажлын цагтаа ирцээ бүртгүүлэв. Харин Г.Занданшатарын талынхан пүрэв гаргаас эхлэн Үндсэн хуулийн 43.1-т заасныг зөрчиж байна, байнгын хорооны санал дүгнэлтээр биш, “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих” томьёоллоор саналаа хураа гэсэн шаардлага тавьж байсан билээ. АН-ынхан ч тэдэнтэй энэ тухайд санал нэг байсан. Тиймээс аль аль нь Үндсэн хууль зөрчсөн хуралдаанд суухгүй гэж байв. Үндсэн хуулийн 43.1-т “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал парламент гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэсэн. Үүнд “огцруулах саналыг” нийт гишүүний олонх дэмжвэл гэсэн байгааг анхаарах ёстой. Огцруулахгүйг дэмжье гэсэн үг байхгүй. Гэвч УИХ-ын нийт олонхын саналыг дэд дарга Х.Булгантуяа үл тоолоо. Тэрбээр “2014, 2017, 2021 онд гурван удаа байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Ерөнхий сайдыг огцруулсан туршлага бий, дэгийн хуулийн заалт ч үг, үсэггүй адилхан” хэмээн тайлбарласаар дуусгасан. Тэгвэл Үндсэн хуулийг 2019 онд өөрчлөхдөө “Нийт олонх нь дэмжсэн нөхцөлд огцорсонд тооцно” гэсэн агуулга нэмсэн юм. Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө огцорсон. 2021 онд Ерөнхий сайд бай¬сан У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр “явсан”.
Өөрийг нь огцруулах шийдвэр гаргахаас өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн 43.1, 70.1 дүгээр (Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино) заалтыг зөрчиж буй талаарх хүсэлтийг Цэцэд гаргаснаар маргаан үүсгэхээр болоод буй. Дэд дарга бүсгүйн ийнхүү “зөрүүдэлсний” ард том эрх ашиг байсан учраас мэдэн будилсан биз ээ.
Хуулийн цаг хугацаа нь тулсан учраас АНынхан ч, Г.Занданшатарын талынхан ч хуралдаа арга буюу орсон. Ирцэд 111 хүн бүртгүүлжээ. Огцруулах, эсэхийг нь шийдэхийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар нэгдсэн чуулганд үг хэлсэн юм. Гэвч дэд дарга Х.Булгантуяа үгийг нь бүрэн дуусгалгүй тасалж, тэгснээ дахин хоёр минут нэмж өгсөн нь хэт нэг талыг барьж буйг батлав. Өөрт нь асуултад хариулах боломж олдоогүйг Ерөнхий сайд үгэндээ тодотгоно лээ. Мөн “Бид дөрвөн жилд овоорсон асуудал, “хог”-ийг гурван сарын дотор бүгдийг шийдэхгүй ч үндэс углуургаар нь цэгцлэн цэвэрлэж эхэлж байлаа” гээд нүүрсний хулгайч нартай тэмцсэний нэг жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” компанид онц¬гой дэглэм тогтоосноор гарсан том өөрчлөлт гэв. Мөн “Төр түмэн нүдтэй гэдэгчлэн тамга дарж нуусан үнэнийг манай Засгийн газар илчлэн дэлгэж, ард түмний шударга хараа хяналтад оруулсан” гээд энэ бүхэнтэй эвлэрэхгүй, хулгай дээрэм засаглах уу, хууль ёс засаглах уу гэдэг салаа замд ирснийг сануулсан юм.
Ингээд байнгын хорооны дүгнэлтэд үндэслэн “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэснийг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураахад 71 хүн татгалзсанаар Г.Занданшатар, түүний танхим огцорлоо. Түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан Засгийн газар түүнийх болж байна. Огцруулсан тогтоол баталсанд тооцож, алх цохисны дараа Г.Занданшатар дэд дарга Х.Булгантуяатай гар барихаар очив. Тэр үед 30 гаруй цаг зөрүүдлэн суусан эл эмэгтэй “За уучлаарай, муухай томьёоллоор санал хураасанд. Надад бол муухай л байлаа” хэмээн хэлж, эв хавгүй инээсэн юм. Тэр юу хийж буйгаа мэдэж байсан хэрэг. Энэ үед гишүүн Б.Энхбаяр танхимаас “Уучлал гуйснаараа чи хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрлөө шүү” гэхэд “Үгүй ээ, харин тийм” гэв. Одоо Үндсэн хуулийн цэц маргааныг эцэслэнэ.
Д.АМАРБАЯСГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН ХЭВЭЭР ҮЛДЭНЭ
Үдээс хойших чуулганаар залгуулаад УИХын дарга Д.Амарбаясгалангийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх болоход АН-ын дарга О.Цогтгэрэл сөрөг хүчний бүлгээс сонгогдсон дэд дарга Б.Пүрэвдоржоор хуралдаан даргалуулах горимын санал гаргав. “Гол ажлаа” амжуулсан учраас татгалзах зүйл нөгөө талынханд байсангүй. Ингээд Б.Пүрэвдорж УИХ-ын даргыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөх хуралдааныг удирдаж, санал хураахад 102 гишүүн дэмжсэн. Хэдийгээр УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх ч гишүүний бүрэн эрхээсээ татгалзахгүй гэдгээ тэрбээр Ж.Баярмаа гишүүний асуултад хариулахдаа хэлсэн юм.
Ийнхүү Монгол Улс нэг өдөр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэргүүнгүй болохтой зэрэгцээд хоёрдугаар ээлжийнхэн “хоолондоо орох”-оор дугаарлаж эхэллээ. Горилогчдын нэрийг ч санаандгүй мэтээр таамаглалд багтаан тарааж байна. МАН-ын дотоод асуудлаас эхэлсэн “зодоон” тэндээ л дуусах тавилантай. Учир нь тэд бол эрх баригч нам. Тиймээс дараагийн Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг тэд дотроосоо нэр дэвшүүлнэ. Д.Амарбаясгалан мэдээж зүгээр нэг бууж өгөөгүй. Тэр дараагийн алхмаа тооцсон байгаа. МАН-ын дарга болчихсон хүн одоо Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлээд ороод ирвэл гайхах зүйл үгүй. Мөн тус намын хоёр бүлэглэл УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа хувааж авахаар тохирч буй тухай мэдээлэл ч байна.