Боловсролтой, нэр цэвэр залуусаас бүрдсэн, улс төрд шинэ салхи үлээлгэх гуравдагч хүчин хэмээн ХҮН намд олон нийт итгэдэг байлаа. Тийм ч учраас 2024 оны сонгуулиар энэ намд 145 мянга гаруй хүн саналаа өгч, жагсаалтаар зургаан гишүүн парламентад сонгож өгсөн. Харин Ж.Золжаргал, П.Наранбаяр нар тойрогт хүч үзэж, сонгогчдын шууд саналаар УИХын гишүүн болж байв. Тэгвэл парламентад цөөнгүй суудалтай болмогцоо ХҮН намынхан сонгогчдоос нүүр буруулсан юм. Тэд сөрөг хүчин биш, эрх баригч нам байхыг хүсэж, хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дөрвөн жилийг хязгааргүй мэтээр Т.Доржханд тэргүүтэн андуурч, “сагаж” эхэлжээ. Тэр нам дотроо “хаан” болж хувирсан, өөр үзэл бодолтой хүмүүсээ хавчиж гадуурхдаг тухай энгийн гишүүд нь ч, УИХ-ын гишүүд нь ч дуугарч, түрүүчээсээ хаалгыг нь хаах болсон юм. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс түдгэлзэж буйгаа мэдэгдлээ. “Бид бол эрх баригч нам” хэмээн “орилсоор” Т.Доржханд, Б.Найдалаа нар л бууриа сахин үлдэх цаг удахгүй нь.
НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ
ХҮН нам 2011 онд Хөдөлмөрийн үндэсний хэмээх нэртэй, зүүн төвийн үзэл баримтлалтайгаар анх байгуулагдсан юм. Яг л нийтлэлийн эхэнд дурдсан шиг боловсролтой, нэр цэвэр, эх орондоо сайн сайхан өөрч лөлт хийх хүсэл, зорилготой залуусаас энэ нам бүрдэж байв. Тиймээс ч улс төрд шинэ салхи үлээлгэх нам гэсэн итгэл хүмүүст төрүүлсэн хэрэг. Эрх ашгийн эрэмбээ мэддэг, сахилга бат, эв нэгдэлтэй, авлигагүй байх нь Хөдөлмөрийн үндэсний намын зарчим байсан юм. Тиймээс ч 11 жилийн өмнө би “ХҮН шиг бай” хэмээх нийтлэл бичиж байлаа. Одоо ч ХҮН нам эл зарчмуудаа тунхагласан хэвээр юм билээ. Харин тус намын дарга Т.Доржханд, дарга асан Б.Найдалаа тэргүүтний богино зайны улс төр, эрх ашиг, албан тушаал тойрсон шуналын “ачаар” эдний түүх 2028 он хүрээд төгсөх нь.
2020 оны УИХ-ын сонгуульд ХҮН нам Зүй ёс, Монголын социал демократ намтай хамтран “Зөв хүн-электорат” эвсэл байгуулан оролцож, ганц суудалтай болсон. Хан-Уул дүүргийн сонгогчид ХҮН намд дээр дурдсанчлан итгэж байсан учраас л Т.Доржханд хэмээх залууг УИХ-ын гишүүн болгосон юм. Ингэж бид өнөөдрийн Шадар сайдтай анх танилцсан билээ. Намаа төлөөлж парламентад сонгогдсон ганц дайчны хувиар түүний нэр хүнд өсөж эхлэв. Жилийн дараа намынхаа дарга боллоо. Энэ үеэс л “хувийн тоглолт” нь өрнөсөн гэсэн үг.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар залуус ХҮН намыг дэмжиж, нэр дэвшигч Д.Энхбатад 247 мянга орчим хүн буюу нийт сонгогчийн 20.3 хувь нь саналаа өгч байв. Энэ итгэл үргэлжилсээр 2024 онтой золгосон юм. Харин сонгогчдын итгэлийг Т.Доржханд тэргүүтэн Шадар болон Боловсролын сайдын суудлаар наймаалцаж орхисон. Тэр зууртаа ХҮН нам дотор нөлөөгөө тэлсээр, дарангуйллаа тогтоосоор байжээ. Жагсаалтаар гишүүн болсон хэдийгээ Т.Доржханд, Б.Найдалаа нар “удирддаг” тухай Б.Мөнхсоёл илчилсэн нь бий. Тус намаас жагсаалтаар сонгогдсон гишүүн тэрбээр хагас жилийн өмнө нэг удаа тэсэрч, дотоод ардчиллын үнэр ч үгүй нам болсныг нь хэлсэн байдаг. Өнгөрсөн зургаадугаар сарын 3-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэхийг хэлэлцсэн юм. ХҮН намынхан түүний Засгийн газарт орж, “улаан хамгаалагч”-ийн үүрэг гүйцэтгэдэг байсан билээ. Тиймээс даргыгаа хамгаалж санал өгөхийг бусад гишүүнээсээ шаардсан аж.
Гишүүн Б.Мөнхсоёл “ХҮН бол хурц үг хэлж, үзэл бодлоо илэрхийлбэл ар, өврөөс хутгалдаг нам. Манай намд дотоод ардчилал гэж байхгүй. ХҮН нам тарах хэрэгтэй. Гишүүддээ Ерөнхий сайдыг дэмж гэж шахалт үзүүлсэн. Өөрөөрөө байх боломж олгодоггүй. Хэлэх үг бүрийг хянадаг. Нэгдсэн чуулганд үг хэлэхэд “Буруу ярилаа” гэнэ. Гэр бүл, үр хүүхэд рүү орж заналхийлдэг. Би хэвлэл мэдээллийнхнээс хамгаалалт хүсэж байна” гэсэн билээ. Ингэхдээ тэрбээр Б.Найдалаа, П.Наранбаяр нарын нэрийг дурдсан юм. ХҮН намын зөвлөлийн хурлын үеэр ч байнга ийм дарамтад байдгаа ярьсан. Харин хоёр хоногийн дараа “Би намаасаа гарна гээгүй, манай нам юу гэж тарах вэ” гэчихсэн зогсож байлаа. Жагсаалтаар сонгогдсон учраас тэр намаасаа татгалзаж чадахгүй, тэгвэл УИХ-ын гишүүний зөөлөн суудал нь дараагийн хүнд шилжих эрсдэлтэй. Тийм ч учраас үгээ буцаасан бололтой. Тэгвэл тэр үед Ж.Золжаргал гишүүн “Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй” гэсэн санал өгчээ.
Үүнээс жил гаруйн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сард тус намын гишүүн, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг ХҮН намаас гарч буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ “Энэ нам олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч чадахгүй, үзэл санааны хэт боогдмол байгууллага болсон. Үүнийгээ өөрчил гэж шаардахаар хүйтэн хөндий ханддаг. Нэг хүнд таалагдаж, түүний тархиар бодлогоо явуулдаг, дотоод ардчилалгүй нам уч раас гарсан” гэсэн тайлбар хийсэн байв. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард тус намын Хариуцлагын ерөнхий хорооны дарга байсан А.Дөлгөөн мөн л ийм шалтгаанаар хаалгыг гаднаас нь хаасан юм. “Улс орныг үзэл санаатай, зарчимтай, үнэт зүйлсээ хамгаалдаг, чигч, хоёр нүүргүй лидерүүд удирдаж байж өөдөлдөг. Ийм лидер төрүүлэх хөрс ХҮН намд байхгүй, байлгах ч үгүй гэдгийг мэдэрлээ. Нэг хүний компани шиг нам хэзээ ч дотоод ардчилалтай институц болж ажиллах боломжгүй юм байна” гэсэн билээ.
Ж.ЗОЛЖАРГАЛ: АЙДСААР БИШ, УХАМСРААР УДИРДУУЛНА
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал тойргоос, иргэдийн шууд саналаар сонгогдсон учраас Б.Мөнхсоёл шиг хулчганасангүй. Үзэл бодол, зарчим нийлэхгүй байна гэдэг шалтгаанаар ХҮН намын гишүүнчлэлээс түдгэлзэх хүсэлтээ тэрбээр өнгөрсөн наймдугаар сард гаргасан юм билээ. Уг шийдвэрээ тухайн үедээ цахим хуудсандаа бичиж үлдээжээ. Ингэхдээ “Алхам бүрд эрсдэл бий ч айдсаар биш, ухамсраар удирдуулж алхана. ХҮН намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгсөн” гэжээ. Юун гуя гэдэг шиг гэнэт л айдсын тухай тэр яагаад ярих болов. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй гэдэг санал өгсний дараа “олон юм” болж өнгөрсөн тухай гишүүн ярьсан байна. Б.Мөнхсоёл гишүү ний хэлсэнчлэн заналхийлэл байсан, ямар нэг байдлаар “айхад” хүргэсэн зүйл өрнөсөн гэсэн үг. Хэдий тийм ч тэр ухамсраараа, өөрийн үзэл бодлоор асуудалд хандах эрх чөлөөг сонгосон аж. “Хуучны” шийдвэр нь уржигдар ил болж шуугимагц тэрбээр “Хүмүүсийг гайхашруулсандаа хүлцэл өчье. Олон жил хамт байж хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа. Арга барил таарахгүй бол өөрийгөө албадаад байлтай биш. Санаа нийлэх асуудал шийдлүүд дээр нь дэмжээд л явах байх” гэжээ.
Харин ХҮН намын дарга Т.Доржханд сэтгүүлч асуухад л энэ тухай мэдсэн гэв. Мөн “Өөрөө тэгж хэлсэн юм уу” гэж асуугаад “Тийм” гэмэгц нь нүүрэндээ ёжтой инээмсэглэл тодруулангаа “ХҮН бол хүний нөөц ихтэй нам. Гишүүд орж л байдаг, гарч л байдаг, байх л зүйл. Гэхдээ надад албан ёсны мэдээлэл ирүүлээгүй байна, өөртэй нь уулзаж байгаад л саналыг нь сонсъё доо” гэсэн юм. Наймхан гишүүнтэй атлаа нэг нь намаасаа түдгэлзэж буйг дарга нь мэдээгүй байж болох уу. Ямартай ч Т.Доржханд бага зэрэг цочирдох шиг болсон. Тиймээс л “Гарч л байдаг, байх зүйл” гэж хэлсэн биз. Тэгснээ араас нь “Намын дүрмийн дагуу хэлэлцэнэ, ХҮН намын нэрээр УИХ-ын гишүүн болчихоод одоо түдгэлзэнэ гэдэг нь хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл” хэмээн нэмсэн.
Бас чуулганы хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй саналыг хураах үед “нэг юм” ажиглагдсан юм. Ж.Золжаргал гишүүний саналыг байнгын хороо дэмжээгүй, үүнийг чуулганаар “босгоно” гэж тэр өөрөө тооцсон байх. Гэвч санал 50:50 хувиар тэнцэв. Тэгмэгц ХҮН намын гишүүн Г.Уянгахишиг “Төхөөрөмж ажилласангүй, дахин санал хураах горимын санал гаргаж байна” гэсэн. Ингээд Н.Учрал дарга дахин санал хураалгахад Ж.Золжаргалын санал 51.2 хувиар унах нь тэр. Үүнийг нийгмийн сүлжээнд зарим хүн “ХҮН намынхан өшөөгөө авч байна” хэмээн тайлбарлажээ.
Зүүний үзэл баримтлал, Хөдөлмөрийн үндэсний хэмээх нэрээ тус намынхан 2022 онд өөрчилсөн. Барууны үзэлтэй, ХҮН нэртэй нам болж, өнгөн дээрээ өөрчлөгдсөн ч уг хүн нь шинэчлэгдсэнгүй. МАН-ын “охин нам” гэдгээ тэд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажилласан 11 сарын турш хангалттай баталсан. Засгийн газарт өнөөг хүртэл хоёр сайд нь ажиллаж буй. Т.Доржханд эрчим хүчний реформ хийх тухай ярьдаг ч үнэ огцом нэмснээс өөр гавьяа байгуулсангүй. Багш хүн сайн менежер болж чадна гэсэн ойлголт өрөөсгөл байсныг Боловсролын сайд П.Наранбаяр алхам тутамдаа баталж буй. Өвөл болдог, ханиад, томуу ихэсдэгийг мэдсээр атал зохицуулалт, төлөвлөгөө байхгүй, “Болохгүй бол хичээлийг цахимаар оруулчихъя” гэдэг ганцхан шийдэлтэй, хүүхдийн сурч, мэдэх эрхээр “наадсан” нэг сайд байна. Тиймээс ч огцруулах шаардлага байнга хүлээж авдаг болсон. Засгийн газарт ороод ч амласан хөтөлбөрөө хэрэгжүүлсэн зүйл, санаачилсан тоймтой ажил ХҮН намынханд алга. Сайд гэдэг нэр, эрх ямба нь л тэдэнд чухал байсан гэхэд болно. Ийнхүү богино зайны улс төр хийж, намынхаа дотоод ардчиллыг үгүйсгэн, өөрчлөлт шинэчлэлт ярьсан залуусаа адалсаар, алдсаар, эрх мэдэлтэй зууралдсаар тэд рейтингээ унагаж байна. Уг нь зөв явсан бол энэ намд боломж, орон зай, бас дэмжлэг байсан юм. Гэвч өнгөрсөн хугацаанд гаргасан үйлдэл бүрийнхээ хариуг та бүхэн 2028 онд хүртэнэ. Хөөрхий дөө, ХҮН намынхан. Итгэл ч, эрх мэдлээ ч даасангүй.