Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Авто замчдын гудамж, “Улаанбаатар буян” компанийн төв байр орчмын Сэлбэ гол. Одоогоос яг жилийн өмнө энэ газарт хүнд машин механизмууд тоос татуулан завсар чөлөөгүй ажиллаж, зам, барилгын компанийнхан явган хүний зорчих хэсгийг хааж энд тэндгүй шороон овоолго босгосон байлаа. Сэлбэ голын урсгалыг хумьж, голдирол, татам хэсэгт нь том чулуунууд овоолон, эргийг нь нойтон шороогоор чигжиж, бут, сөөгүүдийг нь тасчин бөөгнүүлсэн байсан юм.
Сэлбийн хөвөөнд ийн хүн, машин хөл хөлдөж байсан бол голын эрэг дагуу бетонон далан (үерийн хамгаалалтын түшиц хана) босгохыг эсэргүүцсэн иргэд нийгмийн сүлжээгээр нэг үймэн шуугьж байв. Харин одоо аль аль нь анир чимээгүй болжээ. “Сэлбэ сэргэлт” төслийн талбайд уржигдар 11.00 цагийн үед очиход ажиллаж байгаа хүн харагдсангүй. Техник хэрэгсэл гэх зүйл ч алга. Бидний мэдэхээр хуучин “S`Outlet” худалдааны төвийг нүүлгэн шилжүүлсэн байршилд, Сэлбэ голын эрэг дагуух бүсэд төлөвлөж байсанчлан 1.5 км газарт үерийн далан буюу бетонон хана босгожээ. Уг далан дагуух хэсэгхэн газрыг л дутуу дулимаг тохижуулсан байв . Тодруулбал, Натурын гүүр (Олимпын гудамжны гүүрэн гарц)-нээс хойших далангийн гадна хэсэгт явган хүний зам тавьж, хоёр талаар нь голын эрэг рүү буусан шат гарган, байгалийн чулуугаар амрах зориулалттай жижиг талбай байгуулжээ. Харин гүүрний урд хэсэг нь газар шорооны ажлын дараах ундуй сундуй төрхөөрөө, явган хүн зорчих ч аргагүй байлаа. Сэлбийн өргөн татмыг чинээнд нь тултал нарийсгаж , чулуугаар “эмжиж” орхижээ. Голдирлыг нь ч өөрчилж, урсгалыг нь могой аятай мушгиралдуулчхаж. Далангийн гаднах хэсгийг цементээр , доторхыг нь чулуугаар “чимэглэжээ”. Сэлбэ гол амьд экосистем гэхээсээ илүү ус зайлуулах суваг шуудуу гэлтэй сүргүй харагдаж байлаа.
АМ, АЖЛЫН ЗӨРҮҮ
Сэлбэ голын эрэг дагуу бетонон байгууламж барихыг иргэд шүүмжилж, эсэргүүцэхэд нийслэлийнхэн “Үерээс хамгаалах далан байгуулахгүй л бол хотын төвийнхөн урсана”, “Энэ ажлыг эсэргүүцсэн, зогсоох шийдвэр гаргасан хүн хожим хариуцлагад унана” гэж айлгасан. Бидэнд цементэн байгууламж биш, байгалийн экосистем хэрэгтэй хэмээн Сэлбийг хамгаалахад “Голын голдирол, татмыг хөндөхгүйгээр үерийн далан байгуулна. Гүйцэд барьсны дараа ойр орчмыг нь тохижуулж, амралтын талбай, ногоон байгууламж бий болгоно” хэмээн сайн сайхныг амласан. Харамсалтай нь, тэд голын орон зайд халдахгүй гэх амлалтаа зөрчсөн шигээ тав тухтай, ногоон орчин бүрдүүлэх төлөвлөгөөгөө ч биелүүлэхгүй нь бололтой.
Хотын шинэ дарга Б.Пүрэвдагва Сэлбэ голын эрэг дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай өнгөрсөн долоо хоногт танилцсан . Үүний дараахан “Сэлбэ голын тохижилтын ажлыг эрчимжүүллээ”, “Эрэг, далангийн ойр хавийг ид тохижуулж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийгмийн сүлжээнд түгж, хиймэл оюунаар бүтээсэн , эгээ л бодит гэмээр ногоон орчны зураг тархсан . Хачирхалтай нь, тус зураг дээрх мод, бут, ногоон байгууламж Сэлбийн эрэгт алга. Машин техникийн хөлд талхлагдаж халцарсан зүлэг хэсэгхэн газарт үлдсэнээс биш, бут, сөөгний бараа ч үзэгдсэнгүй. Голын эрэг дагуух байгалийн зэгс , мод, сөөгийг юу ч үгүй цэвэрлээд, оронд нь хайрга, дайрга, цемент, хавтангаар хучиж орхижээ . Одоо тохижуулаад буй хэсэгхэн газраас харахад тэнд ногоон орчин бүрдүүлэх шинж огт алга. Энэ янзаараа Сэлбэ голын эргийн тохижилт Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн шиг нүглийн нүдийг гурилаар хуурсан ажил болох янзтай.
Сэлбийн эргийг тохижуулж, амралт, зугаалгын бүс байгуулах зорилготой ажлыг өнгөрсөн хугацаанд өчнөөн удаа хийсэн ч бүтэлтэй болсон нь үгүй. Харин ч ийм санаачилга гаргаж, аар саар ажил хийх тоолонд голын унаган төрх алдагдаж, бохирдол, доройтол нь нэмэгдэж байв. Тэгвэл “Сэлбэ сэргэлт ” төсөл хэрэгжүүлэгчид голын экосистемийг сүйтгэснээрээ энэ бүхэнд цэг та вилаа.
НИЙСЛЭЛИЙНХНИЙ “ПОПРОЛ”
“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн хамгаалалтын далан, амралт, зугаалгын бүс байгуулах ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн юм. Үерийн хамгаалалтын далангийн ажлыг 2025 оны зургаадугаар сарын 30 гэхэд, ойр орчмынх нь тохижилтыг намарт багтаан дуусгахаар төлөвлөснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газраас мэдээлж байв . Гэтэл энэ ажил сунжран сунжирсаар дахин нэг намартай золгож болзошгүй нь.
Үерийн хамгаалалтын түшиц ханыг “Билгүүн Монгол констракшн” компани барьсан бол далангийн гадна болон доторх хэсгийн тохижилтыг “Силла групп” хийж буй. Шаардлагатай санхүүжилтийг нийслэлээс цаг тухайд нь шийдэж өгөөгүйгээс, мөн гол дагуух бүсэд олон тооны кабель, дулааны шугам байршдгаас шалтгаалан ажил удааширсан гэдгийг тохижилтын ком панийнхан хэлсэн. Харин нийслэлийнхэн ямар учраас энэ төслийн санхүүжилтийг гацааж, Сэлбийн эргийг нүд халтирам дүр зурагтай байлгах болсноо тайлбар лаж ча дахгүй байна. Улаанбаатар хотын Захирагчийн аж лын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л .Алтангэрэл, Геодез, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан нараас энэ талаар асуусан ч дорвитой хариулт авч чадсангүй . С.Батсайхан “Наадмаас өмнө буюу долоодугаар сарын 9 гэхэд тохижуулаад дуусгачихна, болгочихно л гээд байгаа. Дуусгачихвал комисст хүлээлгэж өгөх бичиг цаасны ажлууд эхэлнэ. Ямартай ч санхүү жилтийг нь шийдсэн” гэсэн бүрхэг зүйл ярив.
Захиалагч тал буюу нийслэлийнхнээс өөрсдөөс нь шалтгаалсан ийм асуудлууд байсаар атал хотын дарга Б.Пүрэвдагва Сэлбэ голын тохижилтыг хугацаандаа , чанартай хийхийг гүйцэтгэгч компанийнханд үүрэг болгож, “Олигтой юм хийхгүй бол хүлээж авахгүй шүү” гэх зэргээр сүрдүүлсэн нь хачирхалтай.
“ОРЧНЫГ НЬ АЮУЛГҮЙ БОЛ
Сэлбийн эргийг тохижуулах ажил удааширсны улмаас тухайн бүсэд оршин суудаг иргэд орчноос шалтгаалсан олон дарамт мэдрэх болжээ. Тэнд газар шорооны ажил эхлэх үед иргэд “Дуу чимээ, тоосжилт нэмэгдээд хэцүүдлээ” хэмээж байв. Тэгвэл одоо ч энэ бэрхшээл арилаагүйг оршин суугчид хэллээ . Сүхбаатар дүүргийн I хорооны иргэн Л.Сэлэнгэ “Эндхийн тохижилтын ажил дөрөвдүгээр сард эхэлсэн. Өвөл цастайд тоос шороо гайгүй байснаа хавраас эхлээд эрс ихэссэн. Голын эргийн байгалийн ургамлуудыг сүйтгэчихсэн учраас хэсэгтээ л ийм тоостой байх бололтой. Багахан газарт явган хүний зам тавих гэж хоёр жил боллоо. Хаа сайгүй мод, чулуу, хөглөрсөн сул хавтан. Үдэш оройн цагаар энэ хавиар явахаар унаж бэртчих гээд их хэцүү. Хамгийн түрүүнд орчныг нь аюулгүй болгох хэрэгтэй” гэсэн юм. Харин тухайн бүс дэх нэгэн кофе шопт ажилладаг залуу “Гадаадын орнуудын туршлагаас харахад барилга, байгууламжийн ажил хийхдээ тусгаарлах хашаа, сүүдрэвч барьж, иргэдийг эрсдэлээс хамгаалдаг юм билээ. Манай хотод тийм зүйл байдаггүй. Энэ хэсэгт гэхэд тусгаарлах байгууламж зайлшгүй хэрэгтэй. Бага насны хүүхдүүд далан дээгүүр гүйлдэж байгаад уначихмаар харагддаг. Хоёр газарт голын эрэг рүү буух зориулалттай шат гаргаж, тэргэнцэртэй хүмүүс зорчих налуу зам тавьсан байна лээ. Гэтэл энэ шат болон замынх нь төгсгөлд баахан том чулуу овоолчихсон байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй санагдсан. Мод, зүлгийг нь хамгаалаагүй мөртлөө байгалийн өнгө төрх оруулна гээд том том чулуу тавиад байгааг нь ойлгохгүй юм. Ийм асуудлууд байхад энэ хавийнхан дуугардаггүй нь барилга, байшингаа үерт урсгачихгүй гэсэндээ байх” хэмээн ярилаа.
ДЭЛХИЙН ЖИШИГТ ХАРШИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ
Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжилд зорьж буй энэ цаг үед lowimpactdevelopment(LID) буюу байгальд нөлөө багатай хөгжлийн загварчлал, resilient infrastructure буюу тэсвэртэй, уян хатан дэд бүтэц хэмээх ойлголт ид моод болж байна. Үүнийг дагаад хот, түүний дэд бүтцүүд нь гол мөрөн, ойн сан зэрэг байгалийн экосистемд халдаж биш, нийцэн орших ёстой гэсэн үзэл баримтлал эрчээ авсан. Харин “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хийж байгаа ажлууд дэлхий нийтийн жишиг, хандлагыг сөрсөн гэдэг нь илт харагдаж буй. Голын урсцыг сааруулах үүднээс голдирлыг нь өөрчилж, мушгиралдсан хэлбэртэй болгосон нь л экосистемд ямар бүдүүлгээр халдаж, сүйдэлснийг гэрчилнэ. Тэгснээ үерийн далан хэмээх цементэн байгууламжийнхаа дотор талд эко орчин бүрдүүлнэ гээд байгаа нь даажигнал гэлтэй.
Floodable park буюу үерт тэсвэртэй парк, ногоон орчин гэсэн ойлголт олон улсад байдаг аж. Өөрөөр хэлбэл, голын эрэгт амралтын бүс, спортын талбай, явган хүний болон дугуйн зам барьж тохижуулахдаа үерийн усанд автаж болзошгүйг нь тооцоолон тэсвэртэйгээр байгуулдаг гэнэ. Сэлбийн далан дагуух тохижилтын тодорхой хэсэг нь үерийн бүсэд байршиж буй. Гол үерлэлээ гэхэд тухайн бүс усанд автана гэсэн үг. Тэгвэл 100 жилд нэг удаа тохиох үерийн түвшнээр тооцоолж , экосистемээс “үнэтэй” ин женерийн байгууламж барьсан хүмүүс да лангийн ойр орчмыг тохижуулахдаа энэ мэт бодитой эрсдэлүүдийг бодож, төлөвлөсөн болов уу.