Москвагийн олон улсын балетын XV уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон УДБЭТ-ын балетын жүжигчид өндөр амжилт үзүүллээ. “Балетын олимп” гэгддэг хамгийн нэр хүндтэй балетын уралдаануудын нэг, дөрвөн жил тутам зохион байгуулагддаг энэхүү наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 358 бүжигчин оролцох хүсэлт ирүүлснээс 158 нь шалгарч, өрсөлдөх эрхээ авсан юм. Монгол Улсаас Ардын жүжигчин, УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Х.Гэрэлчимэг багийг ахлан, Гавьяат жүжигчин Н.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших, С.Есөнзаяа, Ц.Мөнхдэлгэр нарын удирдлагад оролцсон манай нийт уран бүтээлч түүхэн амжилт үзүүлж, бүгд гуравдугаар шатанд шалгарчээ. Тодруулбал, УДБЭТ-ын балетын гоцлооч Б.Дөлгөөн хүрэл медаль, бүжигчин Л.Энхжин дипломант (тусгай байр), Б.Буянтогтох, Ү.Анар нар сертификат гарджээ.
Монголын балетын түүхээс сөхвөл, энэхүү уралдаанд 1981 онд Гавьяат жүжигчин Ю.Оюун хүрэл медаль, балетын гоцлооч О.Батсайхан дипломант хүртэж, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Жамьяндагва шилдэг бүжиг дэглээчийн шагнал гардаж байсан бол 1993 онд бүжигчин У.Бат-Эрдэнэ мөнгөн медаль, 2022 онд Ө.Мөнхжин дипломантын эзэн болж байв.
Л.Ням