Үндсэн хуулийн цэцийн санаачилгаар хууль, урлаг гэсэн хоёр өөр салбарыг нэг цэгт огтлолцуулсан “Монгол хүний эрх, эрх чөлөө: Үндэсний урлагийн түүхээр аялахуй” хэмээх бүтээл хэвлэгджээ. Энэхүү ном нь Үндсэн хуулийн үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг дүрслэх урлагийн хэлээр олон нийтэд хүргэх зорилготой. Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, ардчилсан засаглал зэрэг суурь ойлголтыг монголчуудын хэдийн танил болсон уран зураг, дүрслэх урлагийн бүтээлүүдээр дамжуулан тайлбарлажээ. “Хууль нь иргэдийн харилцаагчиглүүлэх, тодорхой, логик үндэстэй зарчим гэж үзвэл урлаг нь эсрэгээрээ хүний сэтгэлийг дотоод ертөнц, эрх чөлөөт сэтгэлгээний өнгөт илэрхийлэл гэж болно. Тэгвэл энэхүү хоёр өөр ертөнц угтаа нэг л зүйл дээр төвлөрдөг нь хүн амьдрах, бүтээх, эрх чөлөөтэй байх тэрхүү язгуур эрх, ашиг, сонирхол билээ” хэмээн Үндсэн хуулийн цэцийн дарга асан Г.Баясгалан нээлтийн үеэр онцолсон байна.
Тус бүтээлийг Испани улсын Үндсэн хуулийн шүүхээс гаргасан “Constitunional rights: A walk through El рrado” хэмээх бүтээлээс сэдэвлэсэн ба манай Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, үнэт зүйлсийг Монголын дүрслэх урлагийн үнэт өв, музейн уран зургуудтай хослуулан олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй, шинэлэг хэлбэрээр хүргэж буйгаараа онцлогтой. Номд манай дүрслэхурлагийн нэрт төлөөлөгчдийн нийт 36 сор бүтээлийг оруулсны дунд Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь”, Г.Одонгийн “Ажлын дараа”, Б.Чогсомын “Чулуучин”, Н.Цүлтэмийн “Талын айл”, “Уриа” зэрэг багтжээ.
Л.Чимэг