ОХУ-ын Кызыл хотын “Чадан” дэд станцад гэмтэл гарсны улмаас баруун бүсийн аймгуудад цахилгаан тасарчээ. Тухайлбал, Баян-Өлгий аймагт энэ сарын 5-ны 20.00 цагт цахилгаан тасарсан бөгөөд өчигдрийн 11.30 цагийн байдлаар эрчим хүчинд холбогдоогүй хэвээр байв. Улмаар аймгийн хэмжээнд шатахууны хомсдол үүсээд буй аж. Албаныхан Баян-Өлгийг Дөргөний усан цахилгаан станц (УЦС)-ын сүлжээнд холбохоор ажиллаж буй бөгөөд Ховд, Увс аймгийн хувьд тус УЦС-аас эрчим хүч нийлүүлж эхэлсэн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ-ынхнаас тодруулахад “Уржигдар орой цахилгаан гэнэт тасарсан. ОХУ-ын талаас урьдчилж мэдэгдэлгүйгээр цахилгаан таслах тохиолдол гардаг. Энэ удаад дэд станцад гэмтэл гарсан гэх мэдээлэл өгсөн. Үүнтэй холбогдуулан Дөргөний УЦС-аас баруун аймгуудын нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу эмнэлэг, онцгой байдлын албыг цахилгаанаар түр хангаж ажиллалаа. Улмаар ОХУ-аас засварын бригад ирж, гэмтлийг засварласнаар Ховд аймгийн хэмжээнд эрчим хүчний хангамж энэ сарын 6-ны 07.00 цагт хэвийн болсон. Манай аймгийн хувьд Дөргөний 12 МВтын хүчин чадалтай УЦС болон 10 МВт-ын нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан тул эрчим хүчний доголдолд харьцангуй бага өртөж байна” хэмээв.
Э.Сүйлэн