БНХАУ-ын коксжих нүүрсний импорт энэ оны турш өсөх төлөвтэй байгаа нь Монголын экспортод шинэ боломж нээх хүлээлт үүсгэв. Урд хөршийн гангийн үйлдвэрүүд манай нүүрсийг хольцын зориулалтаар түлхүү ашиглаж байгаа бөгөөд үнэ, тээврийн зардлын давуу тал нь Монголын өрсөлдөх чадварыг хадгалж буйг салбарын шинжээчид онцолжээ. Хамгийн гол нь өнгөрсөн тавдугаар сард Шаньси мужийн уурхайд гарсан томоохон ослын дараа Хятадын эрх баригчид олон уурхайд аюулгүй ажиллагааны шалгалт хийж, олборлолтыг түр зогсоосны улмаас нүүрсний нийлүүлэлт хумигдаж, импортын хэрэгцээ нэмэгдсэн байна.
Хятад 2025 онд манай улсаас 60 сая тонн коксжих нүүрс импортолсон нь нийт импортын 51 хувийг эзэлж буй. Тэгвэл энэ оны эхний дөрвөн сард Монголоос импортолсон нүүрсний хэмжээ 26.42 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 68 хувиар өсжээ. Оны эцэст импорт 80 сая тонн буюу түүнээс дээш гарч магадгүй гэсэн таамаглал ч байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нарын уулзалтын үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг энэ онд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Хоёр улсын худалдаа өнгөрсөн жил 17.7 тэрбум ам.доллар байсан нь 2024 оны 18.3 тэрбумаас буурсан үзүүлэлт юм. 20 тэрбум ам.долларт хүргэхийн тулд энэ онд худалдааг 10 гаруй хувиар өсгөх шаардлагатай аж.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр зам гол түлхэц болно. Төмөр замыг бүрэн ашиглалтад оруулснаар тээврийн өртөг буурч, тээвэрлэлтийн хугацаа гурав хоногоос 20 орчим цаг хүртэл богиносох тул хилийн нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэн, жилд нэмэлтээр 30 сая тонн хүртэлх нүүрс экспортлох боломж бүрдэх тооцоо бий.
Г.Сансар