Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах хүрээнд энэ жил улсын хэмжээнд нийт 530 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, улаан буудай тариалсныг мэдээлэв. Улаан буудайн тариалалтын нэгдсэн мэдээлэл, ургацын хэмжээ, чанарын эцсийн дүн ирэх сарын 20-нд тодорхой болох бөгөөд үүний дараа тариаланчидтай уулзаж, улаан буудайг улсын нөөцөд худалдан авах үнийг хэлэлцэн тогтоохоор төлөвлөжээ.
Мөн намрын ургац хураалтын үеэр шатахууны хомсдол үүсгэхгүйн тулд наймдугаар сарын 4-ний дотор 3.2-3.5 мянган тонн дизель түлшийг Хөдөө аж ахуйн корпорацын нөөцийн саванд хадгалахаар ажиллаж буй гэнэ. Түүнчлэн Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ахлуулсан Ургац хураалтын комисс байгуулахаар шийдвэрлэжээ. Ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх зорилгоор цэрэг, оюутнуудыг ургац хураалтад оролцуулах бөгөөд цалин хөлс, урамшуулал олгох аж.
Харин малын эрүүл мэндийн асуудлаар тэрбээр “Өвлийн улиралд мал сульдаж, тарга хүч муудсан үед шүлхийн вакцин хийх нь үр дүн муутай байдаг тул энэ жил дархлаажуулалтыг намар эрт эхлүүлэхээр болсон. Мөн уг өвчний халдвар гарсан бүс нутгуудад хариуцлага тооцож, гурван аймгийн Мал эмнэлгийн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Монгол Улс жил бүр малын вакцинжуулалтад 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Тиймээс цаашид вакциныг дотоодын эрдэмтэн, судлаачдын оролцоо болон хоёр хөрштэй хамтран эх орондоо үйлдвэрлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна” гэсэн юм.