ХХААХҮЯ болон Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ), үндэсний үйлдвэрлэгчид хамтран хүүхэд, өсвөр үеийнхний өдөр тутмын хэрэглээнд тохирсон, эрүүл ахуй, хөдөлгөөний онцлогт нийцсэн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан гутлын хэрэглээг нэмэгдүүлэх, зөв гутал сонгоход туслах зорилгоор “Хүүхдийн гутал” кампанит ажлыг Мөрөнд энэ сарын 16-18-нд зохион байгуулж, эхлүүллээ. Үүний хүрээнд төрийн албаныхан болон МАШҮХ, “Брэнд гутал”, “Хос-Арт” компанийнхан оролцсон “Хүүхдийн гутал-Үндэсний үйлдвэрлэл” уулзалт зохион байгуулсан аж. Энэ үеэр хүүхдийн гутлын хэрэгцээ, орон нутгийн эрэлт, үнэ, хүртээмж, загвар, захиалга, борлуулалт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, түүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг өсгөх, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх боломжийг хэлэлцжээ. Мөн хүүхдийн өсөлт, хөгжилд гутлын үзүүлэх нөлөө, сурагчийн гутал сонгохдоо анхаарах зүйлс, материал, улны бүтэц, эрүүл ахуй, чанар, стандартын талаар мэргэжилтэн, үйлдвэрлэгчид мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна. Цаашид “Хүүхдийн гутал” кампанит ажлыг өргөжүүлэх, орон даяар үндэсний үйлдвэрийн гутлаа хүүхдүүдэд өмсүүлэх, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх боломжийг эрэлхийлэхийг дээрх холбооныхон мэдээллээ.
Сонирхуулахад, манай улс дотооддоо жилд дунджаар 9000 хос гутал үйлдвэрлэдгийн 90 орчим хувь нь тусгай зориулалтынх гэнэ. Харин 2025 онд 1.8 сая ширхэг, төрөл бүрийн гутал импортолжээ.
С.Цэрэн