Спортын талбарт өөрөө тэмцээнд оролцохын зэрэгцээ тамирчдаа бэлтгэл хийлгэж, шүүгчээр ажиллах гээд олон ажил зэрэг амжуулдаг хүн цөөнгүй бий. Тэдний нэг нь “LT fencing” клубийн дасгалжуулагч, улсын шүүгч, спортын мастер Б.Ээлт. Туялзуур сэлмийн спортод 2013 оноос хөл тавьсан тэрбээр Монголд урилгаар ирж ажилласан ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Александр Львович Ровнягиныудирдлагад 2014- 2016 онд хүнд сэлмийн төрлөөр хичээллэсэн. Олон улсын туялзуур сэлмийн холбооноос өмнөд хөршийн Бээжин хотод 2016 онд зохион байгуулсан хамтарсан бэлтгэлд хамрагдахдаа дасгалжуулагч Дэниел Левавасуэрийн (Франц багш) удирдсан сургалтад суусан юм. Түүнээс зургаан жилийн дараа Польшийн дасгалжуулагч Консальский Ежи Збигневийн удирдсан дасгалжуулагчийн сургалтад хамрагдан “LEVEL 1” сертификат авчээ. Тэгвэл өнгөрсөн жил Унгарын Будапешт хотыг зорьж, ОУТСХ-ноос тус улсын Биеийн тамир, спортын шинжлэх ухааны дээдсургуультай хамтран зохион байгуулсан хөнгөн сэлмийн (Foil) дасгалжуулагч Золтан Бернатын удирдсан сургалтад мөн хамрагдсанаар Олон улсын дасгалжуулагчийн “Level 2” диплом гардсан юм.
-Хүмүүс нэг үеэ бодвол туялзуур сэлмийн талаар нэлээд ойлголттой болсон. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр насанд хүрэгчдийн УАШТ-д оролцсон тамирчдыг хараад сонирхож хичээллэгсдийн тоо нэмэгдсэнийг анзаарлаа.
-Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид олон улс, тив, дэлхийн тэмцээнд улсаа төлөөлж оролцох эрх авдаг. Туялзуур сэлмийн тэмцээн дотроо зэрэглэлтэй. Насанд хүрэгчдийнх А зэрэглэлтэй тул чансааны оноо олгодог юм. Миний хувьд тэмцээнд оролцохын зэрэгцээ тамирчдын тулааныг дэнсэлж, завгүй ажилладаг. Өөр, өөр замд тулалдаж буй тамирчдын тулааныг нэг бүрчлэн харж, шүүх амаргүй шүү.
-Та дасгалжуулагч, шүүгчийн олон улсын сургалтад нэг бус удаа хамрагдлаа. Унгарын Будапешт хотоос ямар бодол өвөртөлж ирснийг тань сонирхъё.
-Олон улсын туялзуур сэлмийн холбоо Будапешт хот дахь Биеийн тамир, спорт шинжлэх ухааны дээд сургуультай хамтран хөнгөн сэлмийн сургалт явуулахад гурван сар хамрагдсан юм. Өмнөх сургалтуудад суусан Монголын дасгалжуулагчид хүнд сэлмийнхэд хамрагдсанюм билээ. Тэнд туялзуур сэлэм үндэснийх нь спортоос дутахааргүй хөгжсөн. Сургуулийн сурагчдыг багаас нь спортоор хичээллүүлж, мэргэжлийн тамирчнаар бэлтгэдэг. Хүүхдүүдээс “Чи юугаар хичээллэдэг вэ” гэж асуухад “Би тийм спортоор хичээллэдэг” гээд хариулна. Дээрх хотод амьдрах хугацаанд улс нь спортын төрлүүдийг өндөр хөгжүүлэхэд анхаарал хандуулж, бодлого баримталдаг болох нь анзаарагдсан. Унгарт туялзуур сэлмийн гурван төрөл жигд хөгжсөн. Олимп, дэлхийн аварга болсон шилдэг тамирчидтай. Тэр тусмаа илд сэлмийн төрлөөр дэлхийд тэргүүлдэг. 1800 онд байгуулсан клуб хүртэл бий.
-Туялзуур сэлмийн спорт хэрхэн үүсэж, хөгжсөн түүхийг үзэгчид тэр бүр мэддэггүй юм билээ. Таны өгүүлснийг уншвал тэд сонирхолтой олон зүйл мэдэж авах байх.
-Туялзуур сэлмийг цэргийн эрх мэдэлтнүүдийн дуэлиэс үүдэлтэй үүссэн гэж үздэг. Тухайн үед дуэльдсэн цэргийн эрх мэдэлтнүүдээс хэн нь ч амьд үлдэхгүй байсан тул ялагч тодордоггүй байж. Тиймээс хөнгөн сэлмийн тулааныг бий болгож, нэг нь довтлох, нөгөө нь хамгаалах дүрэмтэй хөгжүүлсэн. Монголд хөгжиж буй хүнд сэлмийн төрөл бол дуэльтэй төстэй. Яваандаа язгууртны, тэр дундаа цэргийн зэр зэвсгийн нэг болж хөгжсөн. Энэ нь Европ тивд сахилга бат, тансаг байдлыг илэрхийлдэг. Унгарт байдаг клубүүд паралимпийн төрлөө ч бас давхар хөгжүүлдэг. Хүүхэд залуусаас гадна ахмадууд хүртэл хичээллэнэ. Паралимпийн тамирчидтай энгийн сонирхогч, мөн олон улсын тэмцээнд оролцдог мэргэжлийн тулаанчид хамт бэлтгэл хийдэг. Манайхны хичээллэдэг хүнд сэлмийн дүрэм энгийн. Монголын туялзуур сэлмийн холбоо хойшид хөнгөн, илд сэлмийн төрлийг хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүнд сэлмийн төрөл нь дуэльдэж буй мэт тулалдаж зэрэг оноо авах боломжтой. Секундийг 25 хуваасны нэг хугацаанд биеийн бүх хэсэгт хатгаж, оноо авдгаараа бусад төрлөөс өөр. Хөнгөн сэлмийн төрөлд өрсөлддөг тамирчид нэг нь довтолж, нөгөө хамгаална. Зөвхөн нэг нь л оноо авдаг. Харин илд сэлмээр хичээллэдэг тулаанчид цавчиж оноо авна. Морьтой хоёр тулаанч өөд өөдөөсөө давхиж, илдээр цавчилдахаас санаа авч хөгжүүлсэн гэдэг. Сэлмийн хувьд богино. Элтөрлөөрхичээллэх нь монголчуудад тохиромжтой.
-Туялзуур сэлмийн дасгалжуулагчид спортын бусад төрлийн багш нараас насны хувьд залуу байх юм. Танд тамирчдыг дасгалжуулж, тэмцээнд оролцуулах амаргүй санагддаггүй юу?
-Би 2018 оноос дасгалжуулагчаар ажилласан. Тамирчин байхаас илүү тамирчдыг бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулах нь илүү сонирхолтой. Эмээг минь Ч.Жаргалсайхан гэдэг. Монгол Улсын Гавьяат багш цолтой. “Монголын хүүхдийн ордон”-д бүжгийн багшаар олон жил ажилласан юм. МөнМонголын бүжгийн спортын холбоог анх үүсгэн байгуулж, дасгалжуулагчаар ньажилладагбайлаа. Багадаа эмээгийнхээ удирдлагад бүжгийн спортоор зургаан настайдаа хичээллэж, 40 гаруй медаль хүртсэн. Миний хувьд туялзуур сэлмийн спортод үеийнхнээсээ хожуу хөл тавьсан. Багаасаа хичээллэсэн бол амжилт эрт гаргах байсан болов уу.
-Урлагаар замнах байсан залуугийн сэтгэлийг энэ спорт юугаараа тэгтэл их татсан юм бол?
-Нэг өдөр найзтайгаа хамт явж, туялзуур сэлмийн тамирчдын бэлтгэл хэрхэн хийж буйг сонирхож харлаа. Тэр өдрөөс энэ спортын бүх зүйлд нь сэтгэл татагдсан. Бүжгээр хичээллэдэг байсан намайг туялзуур сэлэмтэй нөхөрлөхөд манайхан нэг их цааргалаагүй. Эмээ харин ч дэмжиж, хичээллээд үзэхийг зөвлөсөн. Хүүхдийг багаас нь урлагаар хичээллүүлбэл авьяас, гоо зүйн мэдрэмж нь илүү хөгждөг бол спорт аливаа асуудлыг даван туулж, шийдвэр гаргах, бие даах чадварт сургадаг. Зорилго тэмүүлэлтэй болгож, зөв төлөвшүүлнэ. Үндэсний бүжгээр ч хичээллэдэг байсан минь хожим спортод хөл тавихад хөдөлгөөний эвсэл, хурд, мэдрэмж, хурдан сэтгэх чадвар гээд хэрэг болсон шүү. Эмээ, өвөө хоёр урлагийн сургууль төгссөн болохоор уран бүтээлч байхын амаргүйг мэднэ. Тиймээс хүүхдүүдээ урлагаар явуулахыг нэг их хүсээгүй.
-Тамирчид медалиа тоолдоггүй л гэдэг. Урлагийн тайз, спортын талбараас хүртсэн шагнал цөөнгүй болсон биз?
-Би ч бас медалиа тоолдоггүй. Туялзуур сэлмийн УАШТ-д анх удаа оролцож, багийн төрөл, мөн гра при тэмцээний ганцаарчилсан төрөлд медаль хүртээд урам авч байснаа мартдаггүй. Түүнээс хойш олон тэмцээнд оролцсон. Медалиудынхаа хамгийн дээр өнгөрсөн жил хүртсэн спортын мастер цолныхоо тэмдгийг залсан. Энэ нь намайг тэмцээнд оролцдог гэхээс илүү спортын мастер цол хүртэхээр хэмжээнд амжилт гаргасныг баталж буй баримт гэж боддог.
-Таныг Будапештэд байхад Парисын олимпын наадам болж таарсан шүү дээ. Унгарын тамирчид туялзуур сэлмийн тэмцээнээс медаль хүртсэн санагдана.
-Европын орнуудаас Унгарын тамирчид ДАШТ, олимпын наадмаас заавал медаль хүртдэг. Олимпын наадмын үеэр тус хотын иргэд тамирчдаа дэмжээд баяр хөөр, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Парис-2024” олимпын хүнд сэлмийн багийн төрөлд эрэгтэй тамирчид нь түрүүлж, эмэгтэйчүүдээс Эстер Мухари ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн. Би БНХАУ-ын Чөндү хотод 2021 онд болсон Азийн универсиад наадамд дасгалжуулагчаар оролцсон юм. Тухайн үед тэрбээр манайхаас “Дуэль” клубийн тамирчин А.Мягмарцэрэнтэй хасагдах шатанд тулалдсан юм. Миний бахархаж, хүндэлдэг тулаанчдаас эрэгтэйчүүдийн хөнгөн сэлмийн ганцаарчилсан төрөлд Хонконгийн тамирчин Чонг Ка Лон алтан медальтай нутаг буцсан. Тэрбээр Токиогийн олимпод түрүүлж байв. Түүнийг олимпын аварга болоход Хонконгийн 40 гаруй клубт сонирхож хичээллэх, хүүхэд залуусын тоо эрс нэмэгдсэн гэдэг. Би туялзуур сэлмийн спортод хөл тавиад Б.Баттөмөр, Б.Батхүү, Ц.Жигжидсүрэн ах нарын ур чадвар, туршлагаар их бахархдаг байлаа. Тэдний амжилт тухайн үед сонирхож хичээллэхээр ирсэн залууст урам зориг, эрч хүч өгдөг байв.
-ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч, Олон улсын туялзуур сэлмийн холбооны итгэмжлэгдсэн мэргэжилтэн Александр Львович Ровнягины удирдсан сургалтад суусан тухайгаа яриач.
-Тэрбээр “Атланта-1996” олимпын наадамд ОХУ-ын хүнд сэлмийн багийг дасгалжуулж, багийн төрөлд мөнгөн медаль, ганцаарчилсан төрөлд алтан медаль авхуулсан. Дэлхийн 10 гаруй улсад уригдаж ажилласан туршлагатай төдийгүй олимп, дэлхийн аварга тамирчдыг төрүүлсэн. Монголын туялзуур сэлмийн холбооны урилгаар 2014-2016 онд ажилласан юм. Түүний дараа өмнөд хөршийн Бээжин хотыг зорьж, олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Тухайн үед Хятадын шигшээ багийн дасгалжуулагч Дэниел Левавасуэр ажлаа хүлээлгэж өгч байв. Тэрбээр эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд мэргэжлийн тамирчид бэлтгэдэг. Энэ мэтчилэн олон дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, мэдлэгийн хүрээгээ тэлсэн. Монголын туялзуур сэлмийн холбоо Азийн туялзуур сэлмийн холбоотой хамтарч, 2022 онд дасгалжуулагчдын сургалт зохион байгуулахад Польшийн дасгалжуулагч Консальский ЕжиЗбигнев Монголд ирж, удирданявуулсан юм. Түүний сургалтаас хойшид хэрэг болох олон зүйлийг мэдэж авсандаа баярладаг.
-Спортын шүүгч мэдрэмжтэй, үүрэг, хариуцлага өндөртэй байхыг шаарддаг амаргүй гэж ярьдаг л юм.
-Шүүгчид тэмцээн дэнслэхдээ анхаарлаа төвлөрүүлж, гярхай ажилладаг. Өдөржин зогсдог болохоор их ядарна. Тэмцээн өндөрлөхөд нуруунаас хүнд ачаа аваад хаясан мэт санагддаг. Маргааш нь унтаж амрах тухай өөрийн эрхгүй бодогдоно шүү дээ.
-Тулааны замд өрсөлдөгчөө хожчихоод сэтгэл догдлолоо илэрхийлдэг тамирчид танд ямар бодол төрүүлдэг вэ?
-Хүн бүрийн зан чанар, хандлага, тэмцээний үед гаргах сэтгэл зүйн байдал өөр. Тулааны замд өрсөлдөгчөө ялчхаад баяр хөөрөө үзэгчидтэй хуваалцдаг тамирчин цөөнгүй. Азийнхан Европынхныг бодвол сэтгэл хөдлөлөө тэр бүр илэрхийлээд байдаггүй. Туялзуур сэлмийн спортод хүчээс илүү техник, орон зайг тооцоолох мэдрэмж чухал. Тиймээс биеийн хүчний шатар хэмээдэг юм.
-Клубээ “LT fencing” хэмээн нэрлэсэн нь ямар учиртай юм бэ?
-“LT fencing” клубээ өнгөрсөн жил байгуулсан. Олон улсын сургалтад хамрагддаг гадаадын дасгалжуулагчид монгол хүний нэрийг зөв хэлэх амаргүй санагддаг гээд ярьдаг юм. Тэд намайг LT гэж дууддаг. Клубээ ингэж нэрлэсэн нь үүнтэй холбоотой. Миний гол зорилго бол шавь нараа тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцуулах. Тиймээс тэднийхээ арга барил, ур чадвар, техникт анхаарал хандуулж байгаа. Туялзуур сэлмийн дасгалжуулагчид хэд хоногийн өмнө сурагчдын зуны амралт эхлэхээр тамирчдаа хээрийн нэгдсэн бэлтгэлд гаргахаар ярилцсан. Монголд зургаан клуб үйл ажиллагаа явуулдаг. Би насанд хүрэгчдийн УАШТ-д оролцдог ч шавь нартаа хожигддог болсон шүү дээ. Дасгалжуулагч багшийн ажлын үр дүн тамирчдынх нь амжилтаас харагддаг. Туялзуур сэлмээр хичээллэхэд нас хязгаарладаггүй. Эртнээс хөгжсөн спорт тул түүх, урлаг, стратеги, хурд, оновчтой байдлыг хослуулдаг. Биеийн хүчний дасгалаас гадна тархины үйл ажиллагаа, сэтгэх чадварыг хөгжүүлнэ. Миний хувьд энэ спортоос сурсан зүйл их. Намайг олон талаар хөгжүүлж, амьдралын минь хэв маягийг өөрчилсөн. Сахилга баттай, уян хатан, нээлттэй байх, бие дааж богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай болгосон. Спортоор хичээллэх нь хүүхдийн бие бялдар, зүрх судас, тархи мэдрэл, амьсгалын тогтолцоог сайтар хөгжүүлдэг. Зорилго тавих, ажил, амьдралаа төлөвлөх, сэтгэл зүйгээ удирдах, алдаа дутагдалдаа дүгнэлт хийх, хэмнэлийг мэдрэх, тэнцвэрээ олох зэргээр алхам тутамд нь хэрэг болно.