Газар тариалан, агрономийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар “Дархан тооромт” компанийн зөвлөх агрономич Д.Чойжилсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Гавьяат агрономич хэмээх цол тэмдгээр саяхан энгэрээ цоолсон юм.
-Агрономич мэргэжлийг хэрхэн сонгосон, ажлын гараагаа хаанаас эхлүүлсэн талаараа хуваалцахгүй юу?
-Би аравдугаар ангиа 1974 онд төгссөн. Анхандаа агрономич болно гэж ер бодоогүй. Үнэндээ ямар мэргэжил болохыг нь ч сайн мэдэхгүй байлаа. Тухайн үед хүүхдүүдийг Европын орнууд руу олноор нь явуулж сургадаг байсан. Нэг аймгаас л гэхэд жилдээ 20 орчим хүн явдаг. Тэдний адилаар гадаадад суралцахыг хүссэн учраас энэ мэргэжлийг сонгосон. Түүнээс биш, би жирийн нэгэн малчин айлын хүүхэд. Агрономи, газар тариалангаас илүүтэй малд нүдтэй байсан гэх үү дээ. Ингээд Болгарын Пловдив хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1980 онд төгсөж, ажлын гараагаа Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Үрийн аж ахуйн сектороос эхэлсэн юм. Үр, тарианы эх материал бэлтгэнэ. Мөн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын гаргасан үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг ажилтай. Энэхүү хүрээлэнд эрдэм шинжилгээний дагалдан, ажилтан, секторын эрхлэгчээр 10 гаруй жил ажилласан. Тухайн үед Хөдөлмөрийн баатар М.Жанчив гуай эрдэм шинжилгээний ажилтан байсан юм. Түүнийг л дагаж, агрономийн салбарт хөл тавьсан. Би Гавьяат агрономич хэмээх шагналыг эрийн сайндаа аваагүй. Дарханы сангийн аж ахуйн мундаг хамт олныхоо хүч хөдөлмөр, ажлын үрд төрийн шагнал хүртсэн гэж боддог.
-Та “Дархан тооромт” компанийн зөвлөх агрономичоор хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-“Дархан тооромт” компанид 1993 оноос хойш ажиллаж байна. Бид улаан буудай тариалдаг. 1400 га эргэлтийн талбайтай, жилдээ 800 га-д улаан буудай тариалж, 1000-1200 тонн орчим ургац хураадаг. Голцуу эх орныхоо сортын үрийг үржүүлж, түүнийгээ бусад харилцагчдад нийлүүлдэг юм. Миний хувьд 2002 оноос хойш Монгол Улсын хөдөөгийн хөгжилд чиглэсэн янз бүрийн төсөлд зөвлөх болон мэргэжилтнээр ажилласан. Энэ намар 46 дахь жилдээ тариа хураана. Тэгэхээр амьдралынхаа талаас илүүг тариалангийн талбайд, тариа тарьж, хураахад зориулсан байна.
-Хүүхдүүдээс нь таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?
-Би дөрвөн хүүхэдтэй. Миний мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй. Гэхдээ хүүхдүүд минь бүгд л өөрсдийн сонгосон мэргэжлээрээ ажиллаж амьдарч явааг харахад сайхан байдаг
-Эл салбарыг хөгжүүлэхэд төрийн бодлого, оролцоо хангалттай байна уу?
-Газар тариалангийн салбарыг төрөөс сүү¬лийн жилүүдэд эрчимтэй дэмжиж буй. Хөнгөлөлттэй зээл, урамшууллаас эхлээд үр сортын хуулийг шинэчлэн найруулсан. Мөн газар тариалангийн тухай хуультай боллоо. Гэвч эдгээрийн хэрэгжилт нь маш хангалтгүй. Ухаандаа бол үр сортын тухай хуульд сорт сорилтын салбарууд байх ёстой, бас нэмэгдүүлнэ гэж заасан. Гэтэл манайд хоёр, гуравхан л ийм төрлийн байгууллага бий. Бас өөрийн гаргасан сортоо өөрсдөө сорьж байна. Энэ чинь зарчмын хувьд тохирохгүй шүү дээ. Уг нь мал аж ахуй, газар тариалан хосолж, нэг нэгнээ дэмжиж, хөгжих хэрэгтэй. Гэтэл бодит байдалд мал аж ахуй, газар тариалан хоёр хоорондоо зөрчилдөх боллоо. Эл бүс нутагт амьдарч буй малчдад тодорхой хэмжээнд өвөлжөө хаана байх ёстойг нь зааж өгөх хэрэгтэй байна. Өдгөө хашаажуулалтын аянаас болоод тариалангийн талбайн захад барьсан малчдын өвөлжөө, саравч зэрэг нь бараг л газар тариалангийн хашаанд орохоор болж буй. Энэ мэт аар саар асуудал мундахгүй. Үүнийг орон нутгийн түвшинд хэлэлцэж, зохицуулах хэрэгтэй.
Өөрийн гаргасан сортоо өөрсдөө сорьж байна гэдгийг та илүү дэлгэрүүлэхгүй юү? -Манайд ганцхан Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэнгийнхэн л сорт гаргадаг. Гэтэл тус хүрээлэнгийнхэн өөрсдөө сорт сорилт явуулж байна. Нэг сорт гаргахад багадаа л 15 жил талбай тойрч гүйх хэрэг гарна. Тэгэхээр ийм их хөдөлмөр зарцуулж, шинэ сорт гаргачихаар багахан алдааг бол нүдээ аниад л өнгөрөөнө биз дээ. Өөрийн сортоо үнэхээр зөв сорьж байна уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс хөндлөнгийн хяналт байх ёстой. Үүнээс гадна эл хүрээлэн салбарынхаа бус, сангийн яаманд харьяалагддаг гэнэ лээ. Өмнө нь боловсролын яамны харьяа байсан. Угтаа бол Хөдөө аж ахуйн яамны харьяанд байх ёстой биз дээ. Тэгж гэмээн тариаланчидтайгаа илүү ойр ажиллах боломж бүрдэнэ шүү дээ.
Тариаланчид маань хамгийн сайн сортыг олж, өндөр ургац авахад нэлээд анхаардаг болсон. Тэр ч утгаараа энд тэндээс сорилт хийгээгүй сортыг шинээр нутагшуулах нь нэмэгдэж байна. Энэ жил тарьсан сортоо ирэх жил солих гэх мэтчилэн ер нь их тогтворгүй болчихлоо. Энэ бол үрээ зөв үржүүлж чадахгүй байгаатай шууд холбоотой. Угтаа манайх эрдэм шинжилгээний байгууллагатай, судлаачидтай улс. Тиймээс үр, сорт төдийгүй техникийн бодлогоо ч тодорхойлох хэрэгтэй байна. Зах зээлийн зарчмаар ОХУ, БНХАУ, Япон гээд л олон улсаас техник, хэрэгсэл авчирч байгаа. Гэтэл олон улсаас ийм техник, хэрэгсэл авчирлаа гэхэд наанадаж засвар, үйлчилгээнээс эхлээд хүндрэлтэй зүйлс бишгүй.
-Тухайлбал, танайх ямар сортын үрээр улаан буудай тариалдаг вэ?
-Манайх Төрийн шагналт “Дархан 144” сортын улаан буудайг тариалж байгаа. Бид ер нь хүрээлэнгээс гаргасан, эх орныхоо сортуудыг тариалдаг юм. Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ганд тэсвэртэй сайн сорт гэж боддог. Цаашид үүнийг давах, эн зэрэгцэх сорт гарч магадгүй л юм. Бид ч солихыг үгүйсгэхгүй. Гэхдээ сорт солино гэдэг ганцхан хаврын ажил биш. 2-3 жилийн хөдөлмөр байдаг.
-Хөрсийг салхины элэгдлээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд мод тарьж, ойн бүс байгуулж ч үзлээ. Энэ нь төдийлөн үр дүнгүй байх шиг.
-Хөрсийг салхины элэгдлээс хамгаалах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх цаг болсон. Гадаадаас оруулж ирсэн, сүүлийн үеийн техник, хэрэгслүүд дандаа талбай харлуулдаг. Тас хар болгочихно. Тэгэхээр хаврын улиралд хөрс хийсэж, салхины элэгдэлд орно гэсэн үг. Энэ бол анхаарах л ёстой асуудал. Үүнээс сэргийлж өмнө нь салхийг хөндлөн зурваслах арга хэмжээ авдаг байв. Тэгэхээр хийсэх нь хамаагүй бага. Гэтэл сүүлдээ тариаланчид өөрсдөө зурвасаа устгах болсон. Бас сүүлийн жилүүдэд үүнээс хамгаалж, хашаажуулах зорилгоор мод тарьж, ойн бүс байгуулж буй. Уг нь зөв шийдэл. Гэхдээ мод тарьдаг мэргэжлийн хүмүүс нь газар тариалангийн захад тулгаж, гурван эгнээ тарьчхаад явж байна. Тухайн аж ахуй үүнийг усалж дийлэх, эсэхийг нь ч асууж, зөвлөлдөхгүйгээр шууд тарьж болохгүй. Тэгэхээр хаа хаанаа л эргэх холбоотой ажиллах шаардлагатай байна.
-Атарын IV аяны хүрээнд хөдөө аж ахуйн мега төслүүдийг хэрэгжүүлэх гэж буй юм билээ. Үүний тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Атарын IV аяны хүрээнд газар тариалангийн талбайг 200 мянган га-гаар өргөжүүлнэ гэж сонссон. Ерөнхийлөгчийн санаачилсан 19 нэр, төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болно гэсэн. Хүнс бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс адаглаад хоол, хүнсээ дотооддоо бэлтгэдэг болох хэрэгтэй. Өөрсдөө гурилаа үйлдвэрлэж, ногоогоо тарьдаг байх нь зөв. Хамгийн гол нь тууштай байх ёстой. Өнгөрсөн жилүүдэд маш сайн ургац хураасан. Хэрэгцээнээсээ давуулж хураагаад, хадгалсан шүү дээ. Харин өнөө жил маш их гантай байна. Зөвхөн Дархан-Уул аймаг ч бус, ер нь хаа сайгүй гандуу. Тиймээс өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хамаагүй бага ургац хураах нь тодорхой. Тэгэхээр бодлого боловсруулж буй хүмүүс энэ болгоныг тооцож байж шийдвэр гаргадаг баймаар. Ер нь судалгаагүй янз бүрийн шийдвэрээс болоод энэ салбар нэг л савлаад явчихлаа.
-Тэгвэл үүнийг яаж зохицуулбал зохистой юм бэ?
-Тариалсан ургацаа шууд гадагш экспортлохоос илүүтэй малаараа дамжуулж, малын гаралтай бүтээгдэхүүн болгож гаргах хэрэгтэй. Угтаа манай орон тийм ч сайхан хөрстэй газар биш шүү дээ. Тэгэхээр хураасан ургацаа шууд экспортолно гэдэг хөрсөө ачаад гаргаж буйтай л адил. Ер нь улаан буудай тариалаад экспортолно гэдэг бол арай л хөндий, хол сонсогдож байна. Тиймээс малын тэжээл тариалж, ноос, ноолуур, махыг нь экспортолбол зохистой санагддаг.
-Тариаланчид сүүлийн үед тосны ургамлыг ихээр тариалж байх шиг. Ялангуяа рапсыг түгээмэл тарьжээ. Гэтэл рапсыг хөрс сүйтгэдэг ургамал гэх юм билээ.
-Зах зээлийн зарчмаараа тариаланчид улаан буудайн борлуулалтад хүндрэл учирч магадгүй гээд л тосны ургамал ихээр тариалаад байх шиг. Рапс бол хөрсний чийг, шим тэжээлийн бодисыг маш их дайчилдаг ургамал. Тэр ч утгаараа сайн л бордохгүй бол хөрсийг ядууруулах магадлалтай. Түүнээс биш, рапс тарьсан газар дараа нь юу ч ургахгүй гэдэг худлаа. Хөрсний хамаг шим тэжээлийг нь авчхаж буй болохоор л ургамал ургахгүй байгаа юм. Судлаачдын үзэж буйгаар манай орны хөрсний үржил шим Атарын I аяныхтай харьцуулахад 30-40 хувиар буурсан. Тэгэхээр рапс их тариална гэдэг үүнд их, бага хэмжээгээр хувь нэмэр оруулна гэсэн үг. Ингэж тариалсан рапсын хэдэн хувь нь Монголд үлдэх вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Ер нь нэлээд их хэсэг нь урд хөрш рүү л гарна. Өчүүхэн хэсэг нь Монголд үлдэнэ.
-Энэ мэргэжлийн давуу тал ач холбогдлыг та юу гэж хэлэх вэ?
-Тухайн мэргэжилдээ мэргэшиж байж давуу талыг нь олж хардаг байх. Өнөөдөр миний тарьсан үр ургаж, бүр үйлдвэрлэлд очоод, хүн ардынхаа хэрэгцээг хангаж байна гэж бодохоор сэтгэлд өег, сайхан шүү дээ. Бас их буянтай мэргэжил.
-Сүүлийн жилүүдэд хөрс судлаач, байгаль хамгаалагч, экологич, агрономич зэрэг мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж буй. Гэвч одоогоор ХААИС-д агрономич мэргэжлээр 200 орчим хүн суралцаж буй гэх тоон мэдээлэл байна.
-Хөдөө аж ахуйн их сургуулийг агрономич мэргэжлээр цөөхөн ч гэсэн оюутан төгсөж байна. Гэхдээ яг үйлдвэрт, газар тариалан дээр ажиллах хүн маш цөөн, бараг л алга гэж болохоор. Газар тариалангийн үйлдвэрлэл цаг наргүй, шахуу хуваарьтай учраас одоогийн залуучуудад хүнддээд байна уу л гэж харж байна. Энэ салбар мэргэжлийн боловсон хүчний гүн хомсдолд орчихсон гэж хэлж болно. Техникч, механикжуулагч зэрэг мэргэшсэн хүмүүс байхгүй. Газар тариалан, уул уурхай хоорондоо өрсөлдөх боломжгүй. Тиймээс хүнд механизмаар суралцсан хүмүүс арай дөмөгхөн цалинтайг нь бодоод уул уурхай руу явчхаж байгаа юм. Ингээд газар тариалангийн салбарт тракторчин, механикч зэрэг хүмүүс бараг байхгүй болсон. Дээхэн үед ажиллаж байсан хөгшчүүд л үлдлээ. Газар тариалангийн чиглэлээр ажиллахаар сонирхож буй хүмүүст хандаж хэлэхэд хуучных шиг эндээс тракторчин, тэндээс механикч хайдаг үе өнгөрсөн. Өөрсдөө техникээ барьж, ажлаа хийдэг байх хэрэгтэй.
У.Сүрэн